УИХ ирэх оны төсвийг өнөө маргаашдаа хэлэлцээд батлах бололтой. Манай улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгчийн нэг экспортод гарч буй ашигт малтмал. Дэлхийн банк Түүхий эдийн зах зээлийн тойм гаргажээ. Үүнд ирэх онд түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ ханш ямар байхыг төсөөлсөн байна.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч, түүхий эдийн зах зээлийн тоймын тэргүүн зохиогч Жон Баффес “Нийлүүлэлт багасч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ сэргэж байгаа ч газрын тос үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхээс их зүйл хамаарна. Металын үнийн төсөөлөлд Хятадын хөгжил чухал үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.
Манай улсын экспортын гол түүхий эд зэсийн үнэ тогтвортой байх аж. Харин төмрийн хүдрийн үнэ ирэх жил 10 хувиар унана гэж Дэлхийн банкнаас үзэв. Гэхдээ үнэ ханш нь нийлүүлэлтээс ихээхэн хамаарна. Үнэ унах гол эрсдэл нь Хятадын эрэлт хэрэгцээ, хүнд үйлдвэрлэлийн бодлогоос шалтгаалах нь. Учир нь тус улс хүнд үйлдвэрлэлдээ хязгаарлалт тавьсан билээ.
Алтны үнэ буурах төлөвтэй. Яагаад гэвэл АНУ-ын төв банкны бодлогын хүү өндөр байх хүлээлт бий. Иймд уг металын үнэ буурна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш чангархад алтны үнэ унадаг.
Манай улсын экспортын гол түүхий эдийн нэг бол газрын тос. Одоогоор нэг баррель газрын тос дундажаар 53 ам.долларын үнэтэй байгаа. Харин ирэх онд 56 ам.доллар болох төсөөллийг Дэлхийн банк хийлээ.
Газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ энэ онд 28 хувиар огцом өссөн. Тэгвэл ирэх онд 4 хувиар өсөх төлөвтэй.
Ливи, Нигери, Венесуэл зэрэг газрын тос олборлогчын бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтворгүй байна. Мөн ОПЕК-ын гишүүн орнууд болон бусад үйлдвэрлэгчид цаашид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахаар тохиролцож буй. Энэ нь үнэ өсгөх талтай. Гэвч тохиролцож чадахгүй эсвэл АНУ-ны шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдэх тохиолдолд газрын тосны үнэ буурч магадгүй аж.
Нөгөө талаар ирэх онд байгалийн хийн үнэ 3 хувиар өсөх төсөөлөл гарлаа. Харин энэ онд 30 хувиар өссөн нүүрсний үнэ эргээд буурах төлөв байна. Учир нь Хятадын байгаль орчны бодлого нь нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болоод байгаа юм. Одоогоор тус улс нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа нь нүүрсний үнэд дарамт болж байна.