Өнгөрсөн ням гаригийн өглөө Техас мужийн Саутерланд-Спрингс хотын Баптист сүмд 26 орчим насны цагаан арьст эр гэнэт гал нээж, 27 хүний аминд хүрсэн байна. Техас мужийн ерөнхий прокурор Кен Пакстоны мэдээлснээр гэмт хэрэгтний талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй төдийгүй хар тамхинд мансуурсан эсэхийг тогтоож буй гэнэ. “New York Times”-т мэдээлснээр гэмт хэрэгтэн 27 хүний аминд хүрч, 26 хүний шархдуулсан байна. Тус хотод ердөө 362 хүн амьдардаг аж. Өөрөөр хэлбэл нийт оршин суугчдынх нь 7 хувь нь халдлагад өртжээ. Хар хувцас, хүрэн хүрэм өмссөн эр гэнэт ням гаригийн мөргөлийн цагаар сүмд орж ирэн гал нээж, олон хүний аминд хүрээд, хэргийн газраас зугтсан ч ойролцоох Гваделупа хотод машиндаа нас барсан байдалтай олдсон байна.
Одоогоор түүний үхлийн шалтгаан нь тодорхойгүй ч гэмт этгээдийг машиндаа суухад нь нутгийн нэгэн иргэн түүн рүү гал нээсэн гэдэг мэдээ байгаа аж. 23 хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлэг хүрэх замдаа, хоёр хүн эмнэлэгт нас барсан бөгөөд шархадсан хүмүүс 5-72 насныхан байгаа юм. “New York Times”-ийн мэдээлснээр хэрэгтэн нь 26 настай Пэвин Келли гэгч бөгөөд тус хотод Комал мужаас ирсэн, 2010, 2014 онд армид алба хаасан ч сахилгын алдаа гаргаж цэргийн шүүхээр хөөгдсөн нэгэн гэнэ.