Хүн төрөлхтөний спортын их наадам Лондон-2012 олимпид Монгол Улсын баг тамирчид хүлгийн жолоог залсан билээ. Чөлөөт бөхийн баг тамирчид наймдугаар сарын 1-нд нутгаасаа гарч Болгарт цагийн зөрүү, өндөр уулын бүсэд бэлтгэлээ базаах ажээ. Монгол Улсын гавьяат тамирчин С. Батцэцэг тэргүүтэй чөлөөт бөхийн баг тамирчидтай Петровис ХХК-ийн удирдлага уулзалт хийж амжилт хүслээ. Чөлөөт бөхийн тамирчид Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бэлтгэл хангаж байсан бөгөөд шинэ дэвжээ, шинэ бэлтгэлийн төв өнгөтэй байлаа.
Петровис ХХК хамт олон чөлөөт бөхийн баг тамирчиддаа итгэл найдвараа илэрхийлж олимпын бэлтгэлийг хангахад үндэсний хэмжээний компаний хувьд үргэлж анхаарал хандуулж байсан юм. Олимпын тэнгэрт Монголын далбаа мандаж, олимпын асарт төрийн дуулал эгшиглэж, тамирчид маань яруу алдраа дуурсган медалийн хур буулгах болтугай.