Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАТА БҮРЭН УСТВАЛ ЧИ ХЭН Ч БИШ




Ч.ДАШДЭЛЭГ

Өнгөрсөн зуунуудад хүнийг биет /цаасан болон бусад материал/ бичиг баримтаар хэн болохыг тодорхойлдог байв. Хэн гэдэгт овог, нэр, нас сүүдрээс эхлээд тухайн хүнтэй хамааралтай хувийн бүх мэдээлэл багтана. Харин өдгөөгийн дижитал эринд чи хэн бэ гэдгийг зөвхөн дата өгөгдөл л нотолно. Та банканд тэрбумын хадгаламжтай байлаа ч ноцтой газар хөдлөлт гэх мэт гамшгийн улмаас өөрийн чинь бүх дата /мэдээлэл/ уствал тэгээд дуусаа. Чи хэн ч биш. Чамайг хэн байсныг, юу эзэмшиж байсныг хэн ч баталж чадахгүй. Энэ бол наад захын жишээ юм. Тиймээс дата өгөгдөл гээч зүйл бидний оршин буй одоо цагт ямар үнэ цэнэтэй болоод байгааг товч дурдъя.

Дата бидний амьдралын салшгүй хэсэг бүр хамгийн үнэ цэнэтэй баялаг болж байгаа учраас дэлхийн улс орнууд учирч болох эрсдэлээс сэргийлж газар зүйн нөөц дата төвүүдийг байгуулдаг. Манайх ч энэ жишиг рүү алхам алхмаар шилжиж байна. Тухайлбал, банкны салбар нэн чухал учраас Монголбанкны Ерөнхийлөгч энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр А-189 тоот тушаал гаргаж “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ыг баталсан юм. Уг журмын 3.2-т “Нөөц төв нь үндсэн төв байрлаж байгаа байршлаас хамгийн багадаа 200 км зайтай үндсэн төвд нөлөөлөх онцгой нөхцөлд өртөхөөргүй газар зүйн алслагдмал байршил байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, банкууд заавал датагаа 200 км зайтай байршилд нөөц хувилбараар хадгалах үүрэгтэй болсон гэсэн үг. Цаашид зөвхөн банк гэлтгүй бусад бүх салбар датагаа нөөцлөх ёстой. Энэ бол цаг үеийн шаардлага.
Нэгэн жишээ:
Шинэ Зеландад 2011 онд хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 6000 орчим бизнес датагаа бүрэн алдаж, дампуурсан байдаг. Мөн 3000 хүн ажилгүй болжээ. Тус улс энэ гашуун сургамжаас хойш өгөгдлийн нөөцлөлт, аюулгүй байдалд онцгой анхаарах болжээ.
Манай улсад ч ийм аюул учрахгүй гэх баталгаа үгүй. Яагаад гэвэл хүн ам хийгээд нийт бизнесийн хамгийн том төвлөрөл болж буй нийслэл хот маань газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаардаг. Тодруулбал, “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хөтөлбөрийг 2009 онд Засгийн газрын 157-р тогтоолоор баталж, холбогдох судалгааг хийсэн. Уг судалгаагаар “Монгол орны суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 суурин газар нь газар хөдлөлтийн 9 болон түүнээс дээш баллын бүс нутагт оршиж байна” гэж тодорхойлсон. Газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь амьдарч байгаа юм.
Бүртгэгдсэн газар хөдлөлийн баримтыг үзвэл,
•    1995-2009 оны хооронд Улаанбаатар хот орчмын бүсэд нийт 600 гаруй сул хүчтэй /4.2 буюу түүнээс доош магнитутын/ газар хөдөлсөн. Үүний 50 орчим нь 1995-2003 онд тохиолдсон бол 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн 450 орчим болж давтамж огцом өссөн байна.
•    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй байх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсэх үндэслэлтэй гэж эрдэмтэд дүгнэлт гаргасан байна.
•    Энэхүү идэвхтэй бүс нь Эмээлт болон Сонгино орчмын бүс нутагт 30 орчим км урт, 13 орчим км гүний хэмжээтэй томоохон талбайг хамарч байгааг урьдчилсан судалгаагаар тогтоожээ.

Энэ бүхэн нь бидэнд бодит эрсдэл ойрхон байгааг байнга сануулдаг. Тиймээс төр, хувийн гэлтгүй бүхий л бизнес, үйлчилгээний дата-мэдээллийг нөөц хувилбарт шилжүүлэх шаардлагатай юм. Ийм бодит шаардлагыг манай мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх компанийн нэг “Айтүүлс”-ийнхэн олж харахын зэрэгцээ овжноор ашигтай бизнес болгохоор шийдсэн байна.


Тус компани Дархан хотод 900 ам метр талбай бүхий “Газар зүйн нөөц дата төв” байгуулахаар барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд энэхүү төсөлд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар босгож байгаа юм. “Айтүүлс” ХК олон нийтээс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэхээр компанийнхаа 38.86 хувийг бирж дээр арилжих аж. Нэгдүгээрт, банкууд дээр дурдсан журмынхаа дагуу нөөц дата төв рүү хамгийн эхэнд шилжинэ. Мөн газар зүйн байршлын хувьд нийслэлээс 200 км зайтай, бүх дэд бүтцийн сүлжээнд найдвартай холбогдсон анхны нөөц дата төв болох учраас харилцагч олонтой, эрэлт өндөртэй бизнес болох нь гарцаагүй. Товчхондоо, “Айтүүлс”-ийн хувьцааг авбал ашигтай нь тодорхой гэсэн үг.

Өөр ч олон шалтгаан бий. Мэдээллийн технологиос өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн хувьд дата төв байгуулах нь өндөр зардалтай. Өндөр зардал гаргаж үндсэн төв байгуулаад, түүнийгээ давтаж хоёрдогч төв барих нь санхүүгийн хувьд хүндрэлтэй. Иймээс техникийн болон санхүүгийн олон давуу талуудыг агуулсан модуляр дата центрийг хоёрдогч буюу нөөц төвөөр ашиглах нь оновчтой. Мөн контейнер, модуляр дата центр нь тээвэрлэн авч явах боломжтой учраас газар зүйн эрсдэлээс бодитоор сэргийлж чаддаг.
Монголд төдийгүй дэлхий даяар эдийн засгийн хөгжлийн ирээдүйг байгалийн нөөц бус ДАТА нөөц болон Мэдээллийн технологи дээр суурилна гэж үзэх болсон билээ. ХХ зууныг аж үйлдвэрээр тодорхойлдог байсан бол XXI зууныг дата буюу дижитал эрин хэмээж буй. Газрын тос, уул уурхайн баялгийг дата өгөгдөл орлох цаг иржээ.

“Датаг тогтмол үйлдвэрлэж байдаг учраас энэ өсөлтийг дагасан олон төрлийн бизнес, үйлчилгээ өдөр бүр нэвтэрсээр байна. Тэр хэрээр дата-ны үнэ цэнэ улам өсч байна. Зарим улс оронд датагаа нөөц хувилбарт шилжүүлэхээс гадна бүр даатгадаг болж. Дата нь бизнесийн бүхий л түүхийг агуулж байдаг учраас шийдвэр гаргахад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл болсон. Урьд нь технологийг хамгийн үнэ цэнэтэйд тооцдог байсан бол өдгөө дата технологиос үнэтэй болжээ. Ямар нэгэн дижитал төхөөрөмж “гар утас, таблет гэх мэт” алдлаа гэхэд түүнд агуулагдаж буй дата-мэдээлэл төхөөрөмжөөсөө үнэтэй байх нь ч бий” гэж Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир ярьж байсан. Үнэхээр ч дата өгөгдлийн үнэ цэнэ өсөхийн хэрээр түүнтэй холбоотой шинэ бизнесүүд бий болж, тэдгээр нь хамгийн үр ашигтай байдаг нь дэлхий нийтийн жишиг болжээ.

Үүнийг батлах баримтууд:
•    Дэлхийн хамгийн үр ашигтай, өндөр үнэлгээтэй 10 бизнесийн тав нь /Alfabet, Amazon, Facebook, Microsoft, Apple/ мэдээллийн технологийн компани байна.
•    Зөвхөн энэ тавхан компани л гэхэд энэ оны нэгдүгээр улиралд 25 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байх юм.
•    Америкт онлайн төлбөр тооцоонд зарцуулж буй бүх мөнгөний тал нь Амазоноор дамждаг
•    Өнгөрсөн онд Америкийн дижитал сурталчилгааны орлогын өсөлт нь бараг бүхэлдээ зөвхөн Google, Facebook-д бүртгэгдсэн гэх мэт сонирхолтой баримтууд бий.
Эдгээр нь мэдээллийн технологи, дата өгөгдөлтэй холбоотой бизнесүүд ямар ирээдүйтэйг бэлхэн харуулж байна. Монголчууд бид ч энэ том өсөлт, хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж алхахаас өөр замгүй билээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан