Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтаа авдарлах ухаалаг шийдэл хэрэгтэй байна


 Т.Жанцан

 Аливаа улсын эдийн засаг, мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах нэг нөхцөл нь Төв банк дахь алтны нөөц, худалдан авалт  байдаг. Тиймээс Монголбанкны жилд худалдан авч буй алтны хэмжээ өсч буй мэдээг тун таатайгаар хүлээж авах нь зүй. Тухайлбал, аравдугаар сарын 24-ний байдлаар  аж ахуйн нэгж, иргэдээс16.8 тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 тонноор илүү байгаа юм. Ийм ч учраас гадаад валютын нөөц 40 хувиар нэмэгдэж 1.5 тэрбум ам.долларт хүрсэн дүн бий. 

Төв банк энэ онд 20 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Үүнд хүрэхийн тулд наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай “Монгол алт” аян өрнүүллээ. Аяны хүрээнд хилээр алт хууль бусаар гаргахыг бууруулах, алт тушаагч нарт гэрчилгээ олгох, санал солилцох, сургалт явуулах зэрэг эрчимтэй ажил хийж буй билээ.

 Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх нь олон хүчин зүйлээс хамааралтай.

Жишээ нь -Дэлхийн зах зээлийн үнэ ханш

-Манай улсын татварын орчин

-Алт худалдан авах сүлжээ зэрэг хүчин зүйлс шууд нөлөөлнө.

 

Алтны үнэ ханш нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдалтай нягт уялдаатай түүнтэй хэт мэдрэг юм. Тодруулбал, 2011 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д террорист халдлага гарч, дэлхий нийтийг түгшээсэн. Энэ үед нэг унци алтны үнэ өдөрт 8 хувиар өссөн байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд  Солонгосын хойгийн асуудал ээдрээтэй болсонтой холбоотойгоор алтны үнэ хэлбэлзсэн юм. Учир нь 8 дугаар сарын 29-нд Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилт хийсэн. Тухайн үед Монголбанкны алт худалдан авах ханш грамм тутамдаа 2500 төгрөгөөр нэмэгджээ. Харин дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 20 ам.доллараар нэмэгдсэн байна. Тэгэхээр алтны үнэ өсвөл тушаалт нь нэмэгддэг аж.

 УИХ  2006 оны 5 дугаар сарын 12-нд Зарим бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль баталсан. Өөрөөр хэлбэл алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн татвар авахаар хуульчилсан юм. Уг хуулиар Лондонгийн металын бирж дээр нэг унци алтны үнэ 500 ам.доллараас дээш  гарсан тохиолдолд 68 хувийн татвар ногдуулж байхаар болов. Гэтэл төв банкинд тушаах алтны хэмжээ эрс буурсан. Тухайлбал, Монголбанк 2015 онд 15 тонн алт худалдан авч байж. Гэтэл жил бүр худалдан авч буй алтны хэмжээ буурч, 2010 онд 2 тонн болсон  байдаг. Ингээд  Монголбанкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх “гэнэтийн ашгийн 68 хувь”-ийн хэмээн алдаршсан татварыг 2011 онд хүчингүй болгосон. Тэгээд  ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх болов. Нэг ёсондоо алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувийн суурь татвар төлөхийн зэрэгцээ дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас хамаарч өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр давхар төлнө гэсэн үг. Гэвч алт тушаалт төдийлөн нэмэгдээгүй.  Иймд 2014 оноос ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 болгож өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн. Гэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 01 өдөр хүртэл. Харин УИХ-ын энэ шийдвэрээс хойш алт тушаалт өсч өнөөгийн хэмжээнд хүрээд байна.

 Монгол Улсын алт худалдан авах сүлжээ тун тааруухан гэхэд хилсдэхгүй. Учир нь орон нутагт алт худалдан авах албан ёсны эрхтэй сүлжээ алга. Алт олборлох зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд заавал Улаанбаатар хотод ирж тушаадаг. Алтанд сорьц тогтоож өгдөг ганц газар нь Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын  сорьцын хяналтын  газар. Харамсалтай нь, сорьц тогтоох ажлыг орон нутагт хийдэггүй учраас бага хэмжээний алт олборлож буй иргэд орон нутгийн ченжүүдэд алтаа тушаахаас өөр арга байхгүй. Хэрэв Ашигт малтмалын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж орон нутагт явуулын эрх бүхий сорьц тогтоох үйлчилгээ үзүүлдэг болвол Монголбанкны жилд худалдан авах алтны хэмжээ өсөх учиртай. Үүнийг алт олборлогчид, банкны мэргэжилтнүүд хэлдэг. Яагаад гэвэл их бага нь хамаагүй олборлсон алтандаа газар дээр нь сорьц тогтоолгоод банкинд тушаах боломж бүрдэж байгаа юм. Нэг ёсондоо цаг, зардал хэмнэнэ гэсэн үг. Хэрэв хуульд өөрчлөлт орж сорьц тогтоох  лаборатори орон нутагт байгуулах эрхийг нь алт худалдан авч буй арилжааны банкуудад олговол Монголбанкны Эрдэнэсийн сан аривжих нь гарцаагүй.

Ченжээс ченж гээд олон гар дамжиж буй алт бүгд сорьц тогтоолгоод Монголбанкинд тушаагдаж, Эрдэнэсийн санд орж буй гэвэл эндүүрэл. Хууль бусаар хил даван одож буй ч бий. Баримт дурдвал цагдаагийн байгууллага энэ онд 5.4 кг алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлэн хураажээ.

Зөвхөн баригдсан нь энэ. Тэгэхээр баригдалгүй хилээр алт гаргаж байгаа гэхэд  хилсдэхгүй л болов уу. Шинээр мөрдөж буй Эрүүгийн хуульд алт хилээр хууль бусаар гаргах гэмт хэрэг үйлдвэл ногдуулах ял, шийтгэл нь хөнгөрчээ. Тодруулбал, өмнө нь мөрдөж байсан Эрүүгийн хуулиар 5-7 жилийн хорих ял ногдуулдаг байж. Гэтэл шинэ хуулиар 5.4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Тэгэхдээ 10 кг бүр 100 кг байсан ч ногдуулах шийтгэл нь адилхан.  Иймд алтны хууль бус наймааг таслан зогсоохын тулд хил гаалиар нэвтрэхэд шалгах төхөөрөмжийг сайжруулах, ногдуулах шийтгэлийг нь чангатгах хэрэгтэй гэж цагдаагийнхан үзэж байна.


Эдийн засаг сэргэж буй таатай мэдээтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд алтны үнэ боломжийн байгаа. Нөгөө талаар алт олборлолт ч өссөн дүн бий. Ийм таатай нөхцөл бололцоо бүрдсэн өнөө үед эрх баригчид Монголбанкны жилд худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой шийдвэр гаргаж дорвитой ажиллаж чадвал Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөх боломж байна. Товчхондоо алтаа авдарлах ухаалаг шийдлийг төр засаг гаргах шаардлага байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан