Эдийн засгийн нөхцөл байдлыг төсвөөс харж болдог гэдэг. Тэгвэл ирэх оны төсөв ямар байх дүр зураг гараад буй. Өөрөөр хэлбэл Засгийн газар ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Манай улсын ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувьтай тэнцүү байх нь. Харин зарлага нь 9.6 их наяд төгрөг болно. Энэ нь ДНБ-ий 31.8 хувьтай тэнцэх юм. Ингээд төсвийн алдагдал 2.4 их наяд байх тооцоо гарчээ. Энэ алдагдал нь ДНБ-ий 8 хувьтай тэнцэхээр байна.
Төсвөөс ирэх онд барилга байгууламж, арга хэмээнд 625 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн концессын гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын эргэн төлөлтөд 82.8 тэрбум төгрөг олгох аж. Эдгээрээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Төсвийн тогтворжуулалтын санд 122 тэрбум төгрөг хуримтлуулна.
Засгийн газрын ирэх онд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.5 их наяд төгрөг байх төлөвлөгөө гараад байна.
ОУВС-гаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т эхний шатны үнэлгээ хийсэн. Энэхүү дүгнэлтээр уг хөтөлбөр сайн хэрэгжиж бүх тоон зориултууд биелсэн гэж мэдэгдсэн. Одоо хоёр дахь шатны үнэлгээний урьдчилсан дүн гарчээ. Харин хоёр дахь шатны урьдчилсан дүгнэлтээр төсвийн орлого зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон төсөвийн алдагдалын хязгаар нь хөтөлбөрт бүрэн нийцэж байна хэмээн үзжээ.
Эдийн засаг сэргэж нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсч байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүчин зүйл болно хэмээн үзэж байна.