Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар эмпати” сургуулийн нэрэмжит математикийн олимпиад болж байна

“Улаанбаатар эмпати” сургуулийн нэрэмжит математикийн олимпиад гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь математикт дур сонирхолтой, авьяаслаг сурагчдыг тодруулж шалгаруулах, урамшуулах болон Монголын математикийн олимпиадын хорооны “УБ оноо” цуглуулах зорилготой юм. Олимпиад уламжлалт хэлбэрээр явагдаж буй бөгөөд бүх ангилалд дөрвөн бодлого бодож байгаа аж.


Гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа математикийн олимпиадад энэ жил нийт 1620 сурагч оролцож байна. Математикийн олимпиадад хүүхдүүдээ оролцуулж байгаа эцэг, эхчүүд хүрэлцэн ирснээр өнөөдөр “Улаанбаатар эмпати” сургууль хөл хөдөлгөөнд дарагджээ. Эцэг, эхчүүдийн хувьд олимпиадыг зохион байгуулалт маш сайтай болж байгааг онцолж байсныг дурдах нь зүйтэй биз ээ.


Өнөөдөр олимпиадын эхний шат явагдаж байгаа бөгөөд маргааш буюу 10 дугаар сарын 29-нд бодлого хамгаалалт болох бөгөөд дүнг hhtp://ubempathy.mn/ вэб сайт болон “Улаанбаатар эмпати сургууль” гэсэн “Фэйсбүүк” хаягаар зарлах юм. Улмаар ирэх 11 дүгээр сарын 1-ний 14:00 цагт дүнгийн хурал болох бөгөөд 1-6 дугаар анги тус бүрт 10 хүртэлх сурагчийг байр эзлүүлж шагнана. Мөн 7-12 анги тус бүрт зургаан сурагчийг байр эзлүүлж шагнах юм байна.






Олимпиадын үеэр “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатартай ярилцсанаа хүргэе.


Д.Ганбаатар: Боловсролын стандартын хэмжээнд сурагчдын чадвар, мэдлэгийг тодорхойлох зорилгоор математикийн олимпиадыг жил бүр зохион байгуулж байна


- Улаанбаатар эмпати” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


-Манай “Улаанбаатар эмпати” сургууль өөрийн нэрэмжит математикийн олимпиадыг Математикийн улсын олимпиадын хороотой хамтраад жил бүр уламжлал болон зохион байгуулж байна. Олимпиадад 1-12 дугаар ангийн сурагчид хамрагддаг бөгөөд жил бүр 2000 гаруй сурагч бүртгүүлж оролцдог. Энэ жилийн хувьд 1600 гаруй сурагч бүртгүүлсэн. Ер нь бол бусад олимпиад стандарт бус гүнзгийрүүлсэн сургалттай сурагчид оролцдог тал бий. Харин манай олимпиадын хувьд, Монгол Улсын боловсролын стандартын түвшний хэмжээнд хүүхдийн чадвар, төлөвшил, мэдлэгийг тодорхойлох зорилгоор зохион байгуулагддаг. Багш, сурагчид болон сургуулиуд өөрсдийн сургуулийнхаа үр дүн хэр зэрэг түвшинд явж байгаа гэдгийг үүгээр илэрхийлж, өөрийнхөө үйл ажиллагааны байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд нь манай олимпиад нэлээд тустай гэж хэлж болно.
-Олимпиадын дүн хэзээ гарах вэ?

-Олимпиад өнөөдөр үргэлжлээд дуусна. Маргааш гэхэд дүн гарчихна. Ер нь бусад олимпиадын дүнг автоматаар уншуулдаг. Шүүлт болон зохион байгуулалтад манай сургуулийн багш нар болон Олимпиад зохион байгуулах хороо, манай Заах аргын нэгдэл, “Эмпати” төв, “Улаанбаатар элит” сургуулийн төлөөлөл оролцож байна.

-Танай сургууль өөр чиглэлээр олимпиад зохион байгуулдаг уу?

-Манай сургуулийн хувьд олон чиглэлээр олимпиад зохион байгуулдаг. Байгалийн ухааны олимпиад удахгүй зохион байгуулна. Мөн нийгмийн ухааны болон түрүүний үеийн захирал байсан Намжилдорж багшийн нэрэмжит математикий олимпиад болдог. Манай сургууль улсын биологи, химийн олимпиадын ивээн тэтгэгчээр зохион байгуулдаг. Сүүлийн 10-аад жил зохион байгуулж байна. Түүнчлэн зохион бүтээх чиглэлийн олимпиад зохион байгуулж, сургачдыг олон улсын олимпиадад оролцуулдаг. Англи, турк хэлний олимпиадыг олон улсад бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг. Ер нь бол Монгол Улсад болж байгаа бүх төрлийн мэргэжлийн хичээлийн олимпиадад манай сурагчид амжилттай оролцдог. Түүгээр ч зогсохгүй олон улсын түвшинд манай сургуулийн сурагчид амжилттай оролцдог. 2017 оны тухайд математикийн олон улсын олимпиадад гурван сурагч оролцсон. Хоёр сурагч мөнгө, хүрэл медаль хүртсэн. Нэг нь шагналт байрт шалгарсан.

-Танай сургуулийн нэрэмжит математикийн олимпиадад бүх сургуулийн сурагчид оролцох боломжтой юу?

-Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цаашдаа олимпиадынхаа хамрах хүрээг өргөтгөж, орон нутгийн сургуулиудыг оролцуулах гол чиглэл бодлого барьж байна. Зардал мөнгөний асуудлаас болоод холын аймгийн сурагчид оролцож чадахгүй байна. Харин Төв аймаг болон Дархан, Эрдэнэтийн сургуулийн сурагчид манай бусад олимпиадад  ирж оролцдог.

Олон улсын математикийн олимпиадад сурагчдаа амжилттай бэлдэж байгаа “Улаанбаатар эмпати” сургуулийн математикийн багш Б.Ганбаттай ярилцлаа.

Б.Ганбат: Монгол Улсаас зургаан сурагч олон улсын математикийн олимпиадад оролцсоны гурав нь манай сургуулийнх байлаа


-Танай сургуулийн гол онцлог юу болох талаар болон нэрэмжит математикийн олимпиадын онцлогоос дурдвал?

-Манай сургууль 350 орчим сурагчтай, 8-12 дугаар анги хичээллэдэг.  Нэг анги хамгийн дээд тал нь 20 гаруй сурагч хичээллэдэг учраас багш нарын сурагчидтай тулж ажиллах хүрэлцээ маш сайн л даа. Түүнчлэн дан ганц математик гэхгүй сурагчид сонирхсон бүхий л хичээлээрээ гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Аль дуртай хичээлээ гүнзгийрүүлэн судалж болно гэсэн үг. Манай сургуулийн математикийн олимпиад сүүлийн гурван жил зохион байгуулагдаж байгаад бөгөөд энэ жилийн олимпиадад 1-12 дугаар ангийн 1600 гаруй сурагч оролцож байна. Улсын чанартай, том үйл ажиллагаа гэж хэлж болно. Олимпиадад оролцохыг хүссэн сурагчдад нээлттэй.

-Таныг шавь нараа олон улсын олимпиадад амжилттай бэлдэж байгаа гэж сонслоо. Энэ талаар?

-Манай сургууль энэ жил математикийн хичээлээр маш өндөр амжилт гаргасан. Улсын математикийн олимпиадаас нэг алт, дөрвөн мөнгө нийтдээ таван медаль хүртсэн. Улмаар Монгол Улсаас зургаан сурагч оролцдог олон улсын олимпиадад сургуулийнхаа гурван сурагчийн хамт оролцоод ирсэн. Манай гурван сурагч маш амжилттай оролцож,  мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд нэг сурагч шагналт байрт шалгарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас зургаан сурагч олон улсын математикийн олимпиадад оролцсоны гурав нь манай сургуулийн сурагч байсан.

-Өмнө нь олон улсын олимпиадад манай улс хэр оролцож байв?

-Энэхүү олон улсын математикийн олимпиадад жил бүр зургаан сурагч оролцдог. Монгол Улс математикаар сайн учраас тогтмол амжилттай оролцож, хоёр алт, 20 гаруй мөнгө медаль хүртсэн байдаг.

Г.НАРАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан