Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг тонн цэвэр зэс 7036 ам.долларт хүрлээ



Судлаачдын үзэж буйгаар энэ онд Хятад, Евро бүсийн орнуудын эдийн засаг төсөөлж байснаас өндөр гарах нь. Харин ОХУ-ын эдийн засаг бага зэрэг бууралттай байх аж. Иймд дэлхийн зах зээлд алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ нэмэгдэх төсөөлөл байна. Харин зэсийн үнэ буурч газрын тосных төдийлөн өөрчлөгдөхгүй гэсэн таамаг гарч буй юм.

Одоогоор дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ ханш харьцангуй өндөр байгаа. Ийм учраас нүүрс, төмрийн хүдэрийн олборлолт, экспорт нэмэгдэв. Тухайлбал, нүүрсний экспорт одоогийн байдлаар 70.3 хувиар буюу 4.5 сая тонноор нэмэгдэж 10.9 сая тоннод хүрчээ. Мөн алтны экспор 30.7 хувиар  өссөн дүн бий. Харин зэсийн баяжмалын экспорт 14.5 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Үүнд баяжмал дахь металын агуулга буурсан явдал нөлөөлсөн аж.

Гэвч манай улсын уул уурхайн салбар нойрноос сэрж чадахгүй л байна. Тодруулбал уул уурхайн салбар өнгөрсөн онд 6.1 хувиар агшсан дүн бий. Ингээд эдийн засгийн өсөлтөд 1.2  хувийн сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг.

Ингээд манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ ханш ямар байгааг сонирхоё.
 Зэс: Уг металын үнэ өслөө. Өнгөрсөн долдугаар сард Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэс 5985 ам.доллар байв. Харин өнөөдөр 7036 ам.долларт хүрлээ. Ирэх 12 дугаар сар гэхэд 7105 ам.долларт хүрэх төлөвтэй.

Зэсийн үнэ ийнхүү өссөн нь Индонезийн Грасбергийн уурхайн ажилчид ажил хаясан, зэсийн томоохон үйлдвэрлэгч “Glencore”  компани үйлдвэрлэлээ бууруулсантай холбоотой гэнэ. Нөгөө талаар Хятадын барилгын салбар идвэхжиж зэсийн эрэлт нэмэгдээд байна. Судлаачдын үзэж буйгаар зэсийн үнийн энэ өсөлт богино хугацааных хэмээж буй юм. Ямартай ч эдийн засаг хүндхэн, хямралын шокноос бүрэн гарч чадахгүй байгаа өнөө үед экспортын гол түүхий эдийн үнэ ийнхүү өслөө. 

Алт: Нэг унци алт энэ оны зургадугаар сард  1293 ам.доллар болж өссөн. Алтны үнэ ийнхүү сэргэхэд олон улсын улс төрийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлжээ. Судлаачдын үзэж буйгаар алтны үнэ 1329 ам.долларт хүрэх юм. Цаашид үнэ ханш ямар байх нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын шинэ бодлого, Холбооны нөөцийн банкны бодлогын хүүний өөрчлөлтөөс ихээхэн хамаарна хэмээн судлаачид хэлж байна.

Газрын тос: Энэ түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байна. Оны эхэнд нэг баррель газрын тос 55 ам.доллартай байв. Харин долдугаар сард 53 ам.доллар болж бага зэрэг буурсан. Тэгвэл өнөөдөр нэг баррель брент газрын тосны үнэ 58 ам.доллар болж өслөө. ОПЕК-ийн гишүүн орнууд 2018 оны 1 дүгээр улирлыг дуустал газрын тос олборлолтоо бууруулах тохиролцоо хийсэн. Үүнээс гадна АНУ газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй. Иймд газрны тосны үнэ харьцангуй  тогтвортой байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. 

Коксжих нүүрс: Австралийн зүүн эргийг “Debbie” хар салхийг дарсан. Ингээд төмөр зам, усан боомт, нүүрсний уурхайнууд зогсонги байдалд орсон. Иймд нүүрсний үнэ өсч өнгөрсөн долдугаар сард 149 ам.долларт хүрсэн  билээ.  Хятадын Засгийн газар агаарын бохирдолыг бууруулах арга хэмжээ авч буй. Үүний тулд нүүрсний импортоо бууруулах бодлого баримтлах болов. Энэ нь нүүрсний үнийг унагах гол хүчин зүйл болоод байна.




0 Сэтгэгдэл
Бүх түүхий эд нь өссөн байна одоо ашиггүй эдийн засаг муу байна мөнгө байхгүй гэхгүй юм байгаа биз дэ сайд дарга нараа.
Хамгийн их уншсан