Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн чиглэлийн 47 ажил хийхээр зорилт тусгуулсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр ажлынхаа 50 хувиас илүү ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим ажлуудыг нь эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа зарим онцлох ажлуудыг нь танилцуулж байна. /2016.08-2017.09/
1. ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЛОО
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Ингэснээр 30.0 мянган тэтгэвэр авагч банкаа солиулах хүсэлтээ гаргаж, өөрийн гэрт ойрхон банкаар хурдан, шуурхай үйлчлүүлж эхлээд байна.
2. ТЭТГЭВЭР ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ ХОЛБОГДОХ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАВ
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Аяны хүрээнд 381.5 мянган тэтгэвэр авагчийн мэдээллийг шалгасан. Шалгалтаар 944 иргэнд 917.1 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 811 иргэнд 293,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1755 тэтгэвэр авагчтай холбоотой 1210.6 (1.2 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.
3. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАВ
Арилжааны зарим банкуудтай хэлэлцээр хийж үр дүнд нь боломжгүй гэгдэж байсан тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувьтай байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болгов. Өнөөдрийн байдлаар 43.1 мянган тэтгэвэр авагч 35.8 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй авснаар 230.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө.
4. АХМАДУУДАД ЖИЛД ХОЁР УДАА НАСНЫ ХИШИГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. Үүний дагуу энэ оноос эхлэн ахмадууддаа “Насны хишиг” олгож эхлээд байна
5. ТЭТГЭВРЭЭ ХҮҮ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР УРЬДЧИЛАН АВДАГ БОЛЛОО
Ахмадууд
тэтгэврээ барьцаалж банкнаас 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ
үйлчилгээг нэвтрүүлснээр тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны
тэтгэвэр авагч иргэд нийт 53.8 сая төгрөгийн тэтгэврээ урьдчилан авсан
байна.
6. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад 9 хувийн хүүтэй байршуулж байсныг 15 хувь болгож өсгөв. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2016 оны 9 сарын байдлаар 37.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орж байсан бол 2017 оны 9 сарын байдлаар 65.8 тэрбум төгрөг болж өслөө. Өмнөх онтой харьцуулахад хүүгийн орлого 27.9 тэрбум төгрөгөөр буюу 73.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн хадгаламжийн хэмжээ 204.0 тэрбум төгрөгөөр буюу 46 хувиар нэмэгдлээ.
7. МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон 2018 оны 01 сарын 01-нээс нэг удаа нөхөн төлөхөөр боллоо.
8. МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛАВ
Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, 12 жил 6 сараас доошгүй жил нь шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болов. Хууль 2018 оны 01 сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.
9. ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ БОЛОН ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ГАРГАЖ БАЙНА
Элэгний С вирусийн харвони, ледвир, хепсинат, ледифос, вирпас эмүүдийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс үзүүлж эхэллээ.
Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагад даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжилт тодорхойлох шинжилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг даатгалын сангаас 80-120 мянган төгрөгөөр бүрэн хариуцах боллоо.
2017 онд 40-65 насны бүх даатгуулагчийг В,С вирусийг илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах мөн жил бүр 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг, хавдрын өвчнийг эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь бүрэн хариуцахаар болсон.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүллээ.
Хувийн эмнэлгээс 160-180 мянган төгрөгийн төлбөртэйгээр үзүүлж байсан гемодиализ эмчилгээний чанар, үр дүнд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавьж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх болсон.
10. ЭХЧҮҮДИЙН ТӨРҮҮЛЖ, ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООГООР АЖИЛЛАСАН ЖИЛ, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭН ТООЦДОГ БОЛЛОО
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болов. Жилд 10 мянга гаруй даатгуулагч эхийн ажилласан жилийг нэмэгдүүлснээр 5.4 тэрбум төгрөг зарцуулна.
11. АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ /АЧ САНАХ ТУХАЙ/-ИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЖ, ЭНЭ ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ хуулиар ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулж өглөө. Халамжийн шинжтэй байсан хуулийг өөрчилж ахмадуудаа хөдөлмөр эрхлэх, нийгэмд идэвхтэй байр сууриа хадгалж үлдэх боломж бололцоог бий болгов.
12. ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Өнгөрсөн жилийн 7 сараас хойш санхүүжилт нь зогсоод байсан хүүхдийн мөнгийг эхний ээлжид зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр олгож эхлэв. Эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж энэ оноос эхлээд бүх хүүхдүүдэд олгож байна.
13. “ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА /ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨР/
3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ 6 дугаар 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлууллаа.
14. ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн ядуурлаас гаргах нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана.
15. ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЛАА
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн багш, эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг 2 үе шаттайгаар бууруулах талаар Хаан, Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулан энэ оны 5 дугаар сарын 22-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Нэгдүгээрт, зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэх, хоёрдугаарт, одоогийн зээлийн хүү болох жилийн 21-23 хувийг 18 хувь болгон бууруулна.
16. ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж иргэдийн хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг ЗГ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
17. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна.
Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд:
· Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
· Шаталсан сургалтыг дэмжих, МБСБ-д гадаадад дадлагажигчаар ажиллах ажилтанг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
· Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
· Мэргэшлийн зэргээ хэрхэн тогтоолгох, мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг өсгөх зохицуулалтыг бий болгох;
· Ажиллах хүчний хөгжлийн бодлогын хүрээнд ажил олгогчид, үйлдвэрлэгчид, нийт түншлэгч талуудын хувь, оролцоонд түшиглэсэн санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгасан.
18. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭ
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр, 2 арга хэмжээ, мөн зарим нийтлэг үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэн ажиллана. 2017 оны хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эдгээр хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулан нийт 61.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
19. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн чуулганаар батлууллаа. Энэ хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрхзүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна. Төрөөс залуучуудын хөгжлийг Хувь хүний хөгжил; Боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан; Эрүүл мэнд; Хөдөлмөр эрхлэлт; Аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн 5 чиглэлээр дэмжинэ.
20. ХӨДӨЛМӨРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгалаа.
· Зуучлах үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зохицуулалт нарийвчлан тусгах;
· Зуучлуулагчийг хохироох, шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний өндөр төлбөр авахыг хориглох;
· Гадаад улсад эзэмшсэн мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
· Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, эх орондоо ирэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих.
· Ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлийн шалгуур бий болгох;
· Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
· Ажлын байрны төлбөрийг ялгамжтайгаар тогтоох.
21. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ
· Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын 2016 оны 136-р тогтоолоор байгуулав.
· “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах” орон тооны бус зөвлөлүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэд болон 21 аймаг, 9 дүүрэгт Засаг даргаар ахлуулан байгуулж, ажиллаж байна.
· Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгож байгаа тэтгэмжийн хэмжээг тухайн бүсийн Амьжиргааны доод түвшинтэй тэнцүүлэн нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолыг батлуулав.
· Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах“ 2017- 2020 төслийг Засгийн Газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
22. “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛУУЛЛАА
Засгийн газрын хуралдаанаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт төсөвлөлтийг хөгжүүлэх, гэр бүлийн эрүүл, зөв зан үйл, ёс суртахууны чиг хандлагыг төлөвшүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг бүхий л аймаг, дүүрэгт ажиллуулна.
23. НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
УИХ-ын энэ намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд нэр томьёоны найруулгыг залруулж, бусад салбарын хуулиар зохицуулж байсан, хуульд огт тусгаагүй болон шинэчлэн батлагдсан зарим хуулийн харилцааг тус хуулиар зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах менежмент зэрэг олон асуудлыг тусгасан юм.
24. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул эдгээрийг зохицуулах заалт бүхий хуулийн төслийг бэлтгээд байна.
25. ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН ГАРГАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам
хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын
ажиллагааны санамж бичиг” байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.