Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус IX хурал цаг үеийн асуудлаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан “ТҮР ХОРОО”-гоо байгуулсан юм.
Тус холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газар, холбогдох яамдуудаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээр эхлээгүйн зэрэгцээ, улсын төсөв хэлэлцэх хугацаа ойртож байгаатай холбогдуулан дараагийн шатны тэмцлийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь энэ аж.
Түр хороогоо Улаанбаатар хот болон аймгийн ҮЭ-ийн холбоодын төлөөллийг оролцуулан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулахаар шийдвэрлэснээ дуулгаад байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах аж. Тиймээс энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч, эмнэлгийн ажилтнууд шаардаж буй юм.