Эдийн засаг сэргэж байгаа ч эрсдэлтэй хэвээр дорвитой үр дүнд хүрч тогтворжихгүй байгааг судлаачид хэлж байна.
Учир нь манай улсын экспортын 94, төсвийн орлогын 25 хувь нь уул уурхайн салбараас шууд шалтгаалдаг. Иймд ашигт малтмалын үнийн хэлбэлзэл эдийн засгийг доргиож буй юм.
Нөгөө талаар ашигт малтмалын үнэ унасан тул гадаадын шууд хөрөнгө оруулалт дагаад уруудсан. Өнөөдөр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас өөр мөнгө орж ирэхгүй байгаа гэхэд хилсдэхгүй.
Экспортын гол түүхий эдийн нэг зэсийн баяжмал. Оны эхнээс зэсийн үнэ дэлхийн зах зээлд харьцангуй тогтвортой байлаа. Гэвч уг металлын нийлүүлэлт нэмэгдсэн, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалтаас үнэ ханш хамаарна хэмээн судлаачид үзэж байна. Тэгэхдээ энэ оны сүүлчээр зэс, алтны үнэ ханш буурах төсөөлөл хийж буй юм. Ирэх онд нүүрс, төмрийн хүдрийн үнэ ч бас буурах төлөв ажиглагдаж байгааг дурдаж байгаа билээ. Энэ бүгдээс үзвэл ирэх оны эхээр манай улсын экспортын орлого муудах дүр зураг гарч байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 193 сая ам.доллар байсан. Энэ онд 640 сая ам.долларт хүрэх төлөв бий. Эдгээрийг ашигт малтмалын үнэ өсч байсан 2010-2011 онтой харьцуулбал өчүүхэн юм. Тухайн үед 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан удаатай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь банк болон бусад сектороор дамжиж эдийн засагт нөлөөлдөг. Дараах судалгааны дүнгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдгийг тодорхой харж болно. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ийг нэг хувиар өсгөхөд 2.5 жилийн дараа банкуудын олгосон зээл гурван хувиар өсдөг ажээ.
Төсвийн алдагдал ДНБ-ий 10.2 хувьтай тэнцэж байна. Энэ нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж эрсдэлтэй хэмээн дүгнэхэд хүргэж байгаа. Мөн Засгийн газрын өр ДНБ-ий 84 хувьтай тэнцэж байна. Үүнийг төгрөгт шилжүүлэн тооцвол энэ оны байдлаар 24.8 их наяд төгрөг болов. Уг мөнгөний 54 хувийг гадаад өр, 30.6 хувийг дотоод өр тус тус эзэлнэ.
Ирэх онд Засгийн газар гадаад зах зээлд гаргасан бонд, Хятадын нэг тэрбум юанийн үндсэн болон хүүгийн төлбөрт 800 орчим сая ам.доллар төлнө. Энэ бүх өр төлбөр нь ашигт малтмалт дулдуйдаж авсан мөнгө. Гэтэл уул уурхайн салбараас төсөвт орох орлого дөнгөн данган тал хувьдаа хүрч байна. Уг төлбөрөөс зайлсхийх ганц арга нь ОУВС-ын гурван жилийн хугацаатай хөтөлбөр хэмээн эрх баригчид найдаж байгаа юм.
Гэвч шинжээчид дан гану хар бараан төсөөлөл хийхгүй байна. Учир нь БНХАУ, Евро бүсийн эдийн засаг энэ онд сэргэж эхэлсэн мэдээлэл хөвөрсөөр. Тухайлбал, Хятадын эдийн засаг сүүлийн хоёр улирал дараалан судлаачдийн төсөөлж байснаас өндөр гарч 6.9 хувьд хүрлээ. Үүнд голлон нөлөөлсөн зүйл нь өрхийн хэрэглээ, аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт аж.
Евро бүсийн эдийн засаг 2.1 хувиар өссөн дүн гарлаа. Судлаачид үүнийг тодорхойгүй байдал арилж байгаа, аж үйлдвэрийн салбар идвэхижсэн, хөдөлмөрийн зах зээл сайжирсантай холбоотой гэж үзэж байна. Мөн манай гадаад худалдааны томоохон түншийн нэг ОХУ-ын эдийн засаг өссөн мэдээлэл бий. Тус улсын эдийн засаг оны эхнээс 2.5 хувиар өссөн дүн гарсан. Энэ нь хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, цалин өссөнтэй холбоотой аж.
Нөгөөтэйгүүр манай улсын зэс, нүүрс, алт олборлолт, экспорт өмнөх жилүүдээс нэмэгдсэн дүн гараад байгаа. Жишээ нь өнгөрсөн онд нэг сая орчим тонн зэсийн баяжмал экспортлож байж. Тэгвэл энэ онд 1.4 сая тоннд хүрэх төлөв бий. Мөн 20 орим сая тонн нүүрс экспортолно хэмээн үзсэн. Тэгэхээр манай улсын эдийн засагт эрсдэл байгаа ч түүнийг даваад гарах боломж бас бүрдэж буйг судлаачдын энэхүү төсөөлөлүүд илтгэж байна.