Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 81 хувь нь банкны зээлтэй

Монгол Улс сүүлийн 10 жилд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн ярьж ирсэн. Тухайлбал, 2007 онд УИХ-аас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг баталсан билээ. Чухам энэ үеэс л жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн үг улстөрчид, эдийн засагчдын амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь, үүнийг дэмжих нь ядуурал, ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг гэдэг. Үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүйг “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдал, санхүүжилтийн төлөв” судалгаанаас харж болно.  Учир нь, үйлдвэрлэгчид нөгөө л улиг болсон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах хүсэлт, шаардлага тавьсан хэвээр байна. 



Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсад 75769 аж ахуйн нэгж бий гэдэг. Тэдний 80 гаруй хувь нь өнөө жижиг дунд үйлдвэрлэгчид гэдэг. Тэгвэл уг судалгаанд бүх аймаг, орон нутаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэгчдээс 1850 нь хамрагджээ.  Судалгаанд оролцогчдын 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд бөгөөд 1-9 ажилтантай юм. Эдгээрийн 57 хувь нь өөрийн хөрөнгөөр, 18 хувь нь банкны зээлээр, 16 хувь нь гэр бүлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар бизнесээ эхлүүлсэн байна.
Үйлдвэрлэгчдийн санхүүжилтийн эс үүсвэрийг сонирхвол 81 хувь нь банкны зээл авчээ. Харин 7 хувь нь Банк бус санхүүгийн байгууллагаас санхүүжилт татсан аж. Тэгвэл 6 хувь нь Засгийн газрын хөнгөлөлтэй зээл болон найз нөхөд, хамаатан саднаасаа мөнгө зээлж санхүүгийн хэрэгцээгээ хангаад байна. Банкнаас зээл хүсхэд барьцаа хөрөнгө дутмаг, хүссэн зээлээ тэр бүр авч  чаддаггүй, орлого нь тогтмол биш гээд асуудал ундардаг аж.

Судалгаанд оролцсон үйлдвэрлэгчдийн 32.7 хувь нь 10-50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч чадвал санхүүжилтээ шийдэж тогтвортой ажиллаж чадна гэжээ. Харин 28.7 хувь нь 5 сая хүртлэх, 17.4 хувь нь 5-10 хүртлэх сая төгрөгийн зээл шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн 17.6 хувь нь 50-100 сая, 18.4 хувь нь 100-аас дээш сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд санхүүжилт хэрэгтэй байгаа нь тод харагдана. Гэтэл Засгийн газраас олгосон хөнгөлөлтэй зээл нь элсэнд ус асгасантай адил зүйл болсон бололтой. Иймд төр засаг мөнгө тарааж өгөх бус зээл авах, хөрөнгө оруулалт татах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд элдэв зөвшөөрөл, лиценз авахад учирч буй хүнд суртлаа арилгачихвал болох нь тэр. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжөөгүй гол шалтгаан нь ердөө л энэ гэдгийг дээрх судалгаа илэрхийлж байна.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан