Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн эрт ургацын төмсийг “Шийр”-ийн суурингаас ирдэг гэж мэдэх үү

Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд бид Монгол Улсын эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдог Орхон сумын “Шийр” суурингийн намрын ажил амьдралтай танилцаад ирлээ. Улаанбаатар хотоос Шийрийн хөндийг зорин явахдаа намрын ажилд дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж,  шийрийн талд ёстой л ажил, амьдрал буцалж байгаа хэмээн төсөөлөн очсон бидний бодол талаар боллоо. Учир нь тэдний ажлын эд үе нь биднийг найр наадам хийж байхад буюу долдугаар сарын 16-аас эхэлчихдэг юм байна. Өөрөөр хэлбэл, наадмын өдрүүдэд нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд шийрийн бутарч унасан амттай шар төмсийг аль хэдийн бэлтгэн нийлүүлээд эхэлчихдэг гэсэн үг. Тиймээс ч бусад тариалан эрхэлдэг аймгуудад намрын ажилнь эхэлж байхад эрт болцтой төмсний тариалан эрхэлдэг шийрчүүдийн хувьд есдүгээр сарын сүүлд ажил нь шувтарч буй үе байдаг юм байна.

Энэ жилийн тухайд бусад тариалан эрхэлдэг аймгуудад зуншлага оройтож төмс хүнсний ногооны болц оройтсон. Тэгвэл хамгийн эрт ургацын төмс хурааж авахын тулд энэ жил Шийрийн суурингийнхан ч төмсөө 4-5 удаа усалгаа хийсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Буяндалай” компанийн захирал Л.Сүхбаатар: “Манай нийт эргэлтийн талбай 25-26 га талбайтай. Үүнээс 16 га газарт тариалалт хийсэн. Эрт ургацын төмс нэлээд арчилгаа шаарддаг. Тиймээс олон га газарт тарьчихвал арчилж хүчрэхгүй. Тухайлбал, энэ жил нийт талбайгаа дөрвөн удаа усалгаа хийж байж наадмын үеэр хураалтаа хийх хэмжээнд төмсөө ургуулсан. Өмнө жилүүдэд 1-2 удаа усалгаа хийгээд л хураалтаа хийдэг байсан. Ийнхүү хоёр удаа усалгаа хийхээр нэг ширхэг төмсийг 300 гаруй төгрөгийн өртөгөөр ургуулсан байсан. Мэдээж дөрвөн удаа усалгаа хийхээр тэр хэрээр өртөг нь нэмэгдсэн байгаа. Энэ жилийн ажлаа дүгнэж, тооцоогоо гаргахаар мэдэгдэх байх” гэлээ.

Ногоочдын хэлж буйгаар "Бид тарилалтаа хийчээд арчилгаа, тордолгоогоо хийх гээд шөнийн 00:00 цагт унтаад л үүрийн 04:00 цагт босдог. Хур бороо муутай жил бүр нойрч хүрэхгүй шүү дээ" хэмээн хуучилж байсан. Гэтэл ийнхүү тэдний нойр, хоолоо хасан байж ургуулдаг ногоогоо борлуулалт хийх дээрээ ирэхээр асуудал үүсч эхэлдэг байна. Учир нь төмсний ченжүүд өөрсдөө худалдан авах үнэ ханшаа тогтоогоод авчихдаг байна. Харин ногоочдоос худалдан авсан үнэ нэг дахин нугалж, хэрэглэгчдэд борлуулаад, ногоочдын хүртэх ёстойг ченжүүд хүртээд байдаг гэсэн үг. Тиймээс энэ тал дээр сум орон нутгийн нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа гэдгийг дуулгаж байсан юм.

Энэ талаар “Их өнгөт” компанийн захирал  С.Сүхбаатар "Бид борлуулалтаа ченжүүдээр дамжуулан хийдэг. Тухайлбал, өнгөрсөн жил кг төмс 150-300 төгрөгийн өртөг руу орж байсан. Ийм ханштай болчихоор бид чинь бараг “боол”-ын хөдөлмөр эрхлэж байгаатай ялгаагүй болдог. Тэгэхээр бидний авах ёстой ашгийг ченжүүд л хүртээд байгаа юм. Уг нь тариаланчид, малчдыг дэмжих төрийн олон талын бодлого байдаг. Харин яг хүнсний ногоо тариалдаг хүмүүсээ дэмжих бодлого дутагдалтай байсаар байна. Гэтэл тэдгээр иргэд сум орон нутгийнхаа иргэдийг төдийгүй нийслэлчүүдийг хүнсний ногоогоор хангаж, дээр нь Орхон сумынхаа ойролцоох сумдынхаа иргэдийг түр болоод байнгын ажлын байраар хангаж байдаг.

Бидний очсон “Их өнгөт” компанийн төмс хураалтын ажилд Дархан МСҮТ-ийн оюутан сурагчид ажиллаж байлаа. Дархан МСҮТ-ийн багш Ц.Амгалан "Дархан-Уул аймгийн МСҮТ-өөс 200 гаруй сурагчид, 20 гаруй багш нар Шийрийн сууринд ирж ургаж хураалцаж байна. Шийрийн сууринд тариалж байгаа төмсний онцлог нь шар үрийн буюу сайжруулсан үрийн төмс тарьж байгаа гэнэ. Тиймээс төмс нь ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой сайхан төмс байдаг юм байна" гэв. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 12А ангийн сурагч н.Долгормаа "Миний хувьд ургац хураалтад гурав дахь жилдээ оролцож байна. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай. Амралтынхаа өдрүүдэд ирж ажиллаж байгаа. Төгсөх анги учир энэ мэтээр өөрийн чадах зүйлийг хийж мөнгө олоод ээж, аавдаа нэмэр болж чадаж байгаадаа баяртай байна" хэмээсэн юм.

Ийнхүү эрүүл хөрсөнд, ямар нэгэн химийн бордоогүй, Монгол хүний хөлс хөдөлмөрөөр ургуулсан төмс, хүнсний ногоог жил бүрийн долдугаар сард бэлэн болгож, чадаж байгаа нь өөрөө гайхамшиг. Гэтэл хэрэглэгчид нь Шийрийн хөндийн үр шимийг хүртэж байгаа гэдгээ мэдэхгүй. Харин ч "Ийм эрт буюу долдугаар сард манай Монголд эрт ургацын төмс гардаггүй" гэдэг ойлголттой байдаг нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, экспортын төмс гэж эндүүрдэг гэж байгаа. Тиймээс дахин хэлэхэд нийслэлчүүд бидэнд наадмын үеэр амтат шар төмсийг Шийрийн ногоочид бэлгэн нийлүүддэг юм шүү гэдгийг дахин сануулая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан