Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУСЯ: Хууль бус ажил хаялтын улмаас гарах үр дагаврыг зохион байгуулагчид хариуцна


Багш нарын ажил хаялттай холбогдуулж БСШУСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ.
Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.
Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.

Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан