Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй
ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн
авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3
дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад
байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Хүн амын хөгжлийн
газрын дарга С.Тунгалагтамир болон Монголын хараагүйчүүдийн үндэсний
холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц нь улсын төсвийн 4 тэрбум 850 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдсан юм. Ингэхдээ 2015 оны улсын төсвөөс 4 тэрбум төгрөг, 2016 оны 9-р сард улсын төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил бүрэн дуусах боломж бүрдэж 90 айл өнөөдөр шинэ орон сууцтай болж буй юм.
Энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "ХНХЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэдгээр ажлын нэг том хэсэг нь тус орон сууцны ажил юм. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх барилгын нэн шаардлагатай байгаа төсөв хөрөнгийг шийдвэрлэж ийнхүү ашиглалтад орууллаа" гэсэн юм.
1986 онд хараагүй иргэдэд зориулсан анхны 48 айлын орон сууц байгуулж байсан бол үүнээс 31 жилийн дараа дахин хараагүй иргэдэд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ юм.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 116 мянган иргэн байгаагаас цөөхөн хувь нь Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвд хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь хараагүй иргэдэд төрөөс халамжийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээгч болоход нь бодлогоор дэмжих ажил дутагдаж байгаагийн илэрхийлэл ажээ. Тиймээс энэ Засгийн газар үүнд анхаарч, шаардлагатай байсан төсөв хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж өгснөөр ийнхүү шинэ барилга ашиглалтанд орлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тэдний амьжиргааны түвшинг баталгаажуулах асуудал нь Монгол Улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой асуудал билээ. Монгол Улсад 2016 оны байдлаар 100993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 11 мянга орчим нь харааны бэрхшээлтэй иргэд.
Эх сурвалж: ХНХЯ