“Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн дулааны шугам засварлагдаагүйн улмаас 673 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй болжээ” гэх мэдээлэл сошиал ертөнцөөр тэнүүчлэх болов. Чухам юу болсон одоо ямар байдалтай байгаа талаар тус цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Ууганчимэгтэй холбогдож тодрууллаа.
-Танай цэцэрлэгийн дулааны шугам засварлагдаагүй байгаа гэв үү. Дулаанаа авч чадаагүй хэрэг үү?
-Жил бүр цэцэрлэг амрахаас өмнө манай дээр Дулааны шугам сүлжээнээс хүмүүс ирж өвлийн бэлтгэл ажлаа хэрхэн хангах, ямар засвар хийх талаар акц гаргаж өгдөг юм. Өнгөрсөн хавар ирэхдээ дулааны шугамаа шинэчилж засварлахгүй бол намар дулаанаар хангаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дулааны шугам хагархад бэлэн байна гэсэн бичиг хийж өгсөн хэрэг. Энэ цагаас эхлээд бид шат шатны холбогдох байгууллагуудад энэ талаар мэдэгдсэн. Сая хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ч гэсэн сануулж дулааны шугамаа засварлуулах талаар хөөцөлдсөн. Ямар ч гэсэн өнөөдрөөс бага ч гэсэн дулаан ирсэн байна.
-Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа байх нь?
-Тийм ээ. Одоохондоо гадаа дулаахан болохоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрвээ хүйтрээд цас орвол хэцүүдэх байх. Ямар ч гэсэн холбогдох газруудад мэдэгдсэн болохоор мэргэжилтнүүд нь ирж уулзсан. Өнгөрсөн баасан гарагт гэхэд манайд халаалт өгдөг орон сууцны конторын селесариуд ирж уулзсан. Хөрөнгө мөнгө нь шийдэгтэл бүлээн ч гэсэн халаалт өгч байхаар болсон юм шиг байна. Бидний ойлгож байгаагаар манай дулааны шугам хүүхдийн зулай шиг нимгэрчихсэн юм уу даа. Засвар хийхэд 30 сая төгрөг шаардлагатай юм билээ. Ер нь л манай цэцэрлэг хүйтэн талдаа болохоороо энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулах юм бол өвөл ажиллаж чадахгүй л болов уу. Гэхдээ хүмүүс нь ирж үзээд улзаад яваад байгаа болохоор шийдвэрлэгдчих болов уу гэж харж байна.