Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж буй. Энэ сарын 18 хүртэл үргэлжлэх тэмцээнд БНХАУ-аас 19, Хонконгоос 11, Энэтхэгээс 21, Иранаас найм, Японоос 15, БНСУ-аас 15, Филиппинээс 10, Узбекстанаас зургаа, БНВУ 31, Монгол Улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 орны 210 гаруй тамирчин гурван насны ангилалд долоон төрлөөр өрсөлдөх юм. Тэгвэл тус тэмцээнд хүндэт зочноор уригдсан ОУ-ын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч Испани улсын иргэн Сэрхио Гарсиа Алказар, Азийн гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч Непал улсын иргэн Прадхан Друба Бахадур, Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч Япон улсын иргэн Тамми Яги-Китагава нарыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өнөөдөр хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлжээ.