Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх явдал юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Сүүлийн 7 жилийн турш эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг нь хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар олон талаас нь ярилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.
Жил жилийн намар их, дээд сургуулиудыг хотоос гаргах яриа гардаг боловч дорвитой алхам хийгдэхгүй байсаар энэ байдлаараа олон арван жилийг үдэж, сургуулиудыг байрны ашиглалтын хугацаа ч дуусч эхэлжээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүллээ.
Хотын дарга хамтран ажиллах саналдаа:
...төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно. Үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ гэж үзэж байна... гэжээ.
Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, Ажлын хэсгийн талаарх саналыг боловсруулан хүргүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү арга хэмжээг нэг талаас хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд нөгөө талаас орон нутгийг эдийн засгийн хувьд бэхжүүлж, төсөв, санхүүгийн оновчтой, зөв хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цаашид шинээр их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хотууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд дээд боловсролын сургуулиуд байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.