Өөдлөх айлын өнгө төрх үүднээсээ. Яг л энэ үг Лондонгийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй чөлөөт бөхийн шигшээ багийн “Найрамдал” төв дэх бэлтгэлийн төвд очиход шууд л санаанд минь буусан. Шинэхэн баригдсан дэлхийн стандандартад нийцсэн зургаан тойрог бүхий барилдааны дэвжээ, тамирчдын бэлтгэл сургуулилтаа базаахад тохь тухтай орчин нөхцөл, гуравхан хоногийн дараа эхлэх олимпод оролцох шигшээ багийн тамирчид, тэдний залгамж халаа ирээдүйн тив дэлхийн аваргууд шуугисан хөлс хүч, тэвчээр, амжилт ханхийсан Монголын чөлөөт бөхийн холбооны цугларалтад манай сурвалжах баг зочлоод ирлээ.
Дэг журмыг ягштал баримталдаг
Манай шигшээ багийн тамирчид болон бэлтгэл хангагч, мөн Өвөрмонгол, Болгарын 50 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа энэ төвд базааж байгаа юм. Бэлтгэлийн зааланд байрлуулсан Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазарын баталсан хуваарийн дагуу тухайн өдрийн бэлтгэл сургуулилт хийгддэг. Өглөө эртлэн 06.30 минутад тамирчид босч өглөөний бэлтгэлээ базаана. Кросст гүйж, өглөөний дасгал хийж, хурд авна. Үүний дараа хөл, гарын техникийн бэлтгэл базаадаг юм. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ж.Баяраа, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, н.Батбаяр нарын багш дасгалжуулагч олимпод оролцох шигшээ багийн тамирчид гэлтгүй нэг биеэ хэд хэд “хуваан” бүх тамирчинтайгаа тулж ажиллах юм билээ. Хэн гэгч, ямар тамирчин юун дээр алдсаныг маш гярхай ажиглана. Бас зааж зөвлөнө. Тамирчид ч багш нарын заасан зөвлөгөөг ягштал дагана. Үүний дараа өглөөний хоолондоо орж, амралтын цаг эхэлнэ.
Энэ хугацаанд тамирчид хүчний бэлтгэл, техникийн бэлтгэлээ дангаараа давтдаг юм билээ. Хэсэг хугацааны амралтын дараа буюу үдийн хоолондоо орчихоод 15:00 цагаас барилдааны бэлтгэлдээ орно. Шинэхэн баригдсан бэлтгэлийн төвдөө ороод дэвжээний голд нь шүншиглэж амилуулсан “Очирваань” бурхандаа сүсэглэн хэдэн минут залбирч, багш дасгалжуулагчдынхаа командаар үндсэн барилдаандаа ордог. Нэг өдөр эмэгтэйчүүд барилдсан бол дараагийн өдөр эрчүүд барилдана. Яг энэ үеэр олимпод оролцох шигшээ багийн тамирчдад гол анхаарал чиглэж байгаа юм. Эмэгтэйчүүдийн 48кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 63 кг-д С.Батцэцэг, 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, 74 кг-д П.Өнөрбат, 84 кг-д О.Үйтүмэн, 120 кг-д Ж.Чулуунбат нарын тамирчин олимпод хүч үзнэ. Эдгээр тамирчны бэлтгэл хангагчаар олимпын наадамд хэдий нь оролцохгүй ч тив дэлхийдээ хүчтэй өрсөлдөгч байдаг шигшээ багийнхан “Ажиллаж” байлаа. Бүр ясны үзнэ. Олимпод оролцох тамирчдаас ур чадвар, барилдааны техникээр дутаад байх юмгүй шүү. Энэ нь багш дасгалжуулагчдын л уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэлтэй. Ийн барилдаан орой 18:00 цагийн үед өндөрлөж, тамирчид саунд суун усанд орчихоод хэсэг амарна. Үүний дараагаар тамирчид оройн хоолондоо орж хувийн бэлтгэлээ базаан, массажинд орох гээд дор бүрнээ л завгүй харагддаг.
Мөн өдөр өдрийн жижүүр хийх үүрэгтэй хүмүүс бий. Тухайн өдөр жижүүрт хуваарилагдсан бол үүргээ маш сайн ухамсарлаж тамирчдыг сэрээх, баг тамирчдад команд өгч, дасгалжуулагчдад илтгэх гээд маш их ажилтай. Мөн хамгийн гоё нь оройн тооллого. Тив дэлхийд алдар хүндээ цуурайтуулж яваа болон тэдний залгамж халаа болсон хүчтнүүд нэгэн зорилго дор зүрх сэтгэлээрээ нэгдэж, төрийн дуулал, эх орны тухай сайхан дуунуудыг хоолой нийлүүлэн дуулах юм билээ. Сайхан сонсогдсон шүү.
Мундаг хөлбөмбөгчид
Дээр хэлсэн дээ. Тухайн өдөр эрэгтэйчүүд барилдааны бэлтгэлтэй бол эмэгтэйчүүд амардаг гэж. Шигшээ багийн тамирчид үнэхээр мундаг хөлбөмбөгчид юм аа.
Энэ дундаа эмэгтэйчүүдээ магтмаар санагдсан. Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийн хууралт, довтолгооны тактик, О.Насанбурмаагийн мэдрэмжтэй дамжуулалт гээд л. Спортын төлөө төрчихсөн хүмүүс л гэж тэднийг хэлэх байхдаа. Тоглолтыг нь харах үнэхээр сайхан байсан.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Өглөөнөөс орой болтол дасгалжуулагчид маань тамирчдын бэлтгэл сургуулилтад анхаарч тухайн барилдааны бичлэгийг тамирчидтайгаа хамт үзэж, алдаа дутагдал дээр нь ярилцаж зааж зөвлөнө. Багш, дасгалжуулагчдын амарч буй гэрт нь орсон ч утсан дээрээ тамирчдынхаа барилдааны бичлэгийг нь хийчихсэн унтах нь битгий хэл, хүн орж ирж байгааг ч мэдэхгүй “Үүн дээр ингэх байсан. Энэ мэхэн дээр нь ингэж тэгж ажиллуулах хэрэгтэй юм байна” гээд л сэтгэл зүрх нь олимпын бэлтгэлд бүрэн төвлөрчээ. Зарим багш нь олимпод өрсөлдөх тамирчдынхаа жингийн өрсөлдөгчдийн судалгааг ч хийж байгаа харагдсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ ээ гэж… Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн багш дасгалжуулагчид минь энэ олимпод дөрвөн жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж, шавь нар тань Лондонгийн тэнгэрт төрийн далбаагаа хэдэнтэй мандуулан баярын нулимсаар сэтгэлийг тань гийгүүлэх байх. Энэ өдөр удахгүй ирнэ ээ.
Монголын ард түмэн чинь та бүхэнд итгэж, дээлийн чинь захыг сэтгэлдээ мушгиж сууна.
Нөмөр түшигтэй аав шиг л ….
Тамирчдын баяр гуниг, жаргал зовлон, хожил, хожигдлыг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүн үнэхээр өөр байх юм аа. Арлын Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг нэгэн цагт эзэгнэж, ид хаваа гайхуулж явсан их аварга Д.Дагвадорж маань Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашаад хэдэн жилийг ардаа орхисон. Шинэчилсэн бүрэлдэхүүнд орсон чөлөөт бөхийн холбоо 2008 оны олимпын наадмаас хойш гаргасан амжилтуудыг түүнтэй холбож тайлбарлахад тэрслээд байх хүн гарахгүй л болов уу.
Ганцхан жишээ дурдахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй шигшээ багийн тамирчид гуравдугаар байр эзэлснийг бид мартах учиргүй. Холбооны зөв зохион байгуулалт, санхүүжилт гээд хийхгүй юм алга аа, аваргад маань.
Олимпын наадам дөхсөн энэ цаг үед ч тэр чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдадаа сайн ах нь, буруудвал гэмийг нь ухааруулаад өгөх багш нь, багш дасгалжуулагч, албаны хүмүүст үнэхээр сайн менежер нь байж чаддаг юм байна. Бүр өмөг түшигтэй “аав” шиг л харагдсан. Тамирчдынхаа байр, орчин, бэлтгэл сургуулилтад хамгийн түрүүнд анхаарч 120 кг-д барилдах Ж.Чулуунбатад Болгар улсаас бэлтгэл хангагч, эмэгтэйчүүдтэйгээ барилдуулахаар Өвөрмонголын хүчтэнүүд, Япон улсаас хөл гарын мэргэшсэн илээчдийг хүртэл авчирч ажиллуулж байна. Шинэхэн баригдсан бэлтгэлийн төв ч гэсэн их аваргын хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой.
Аварга маань шинэ залуу бөхчүүдтэйгээ мэдсэн сурснаа харамгүй хуваалцаж амьдралын арга туршлагаа ярилцаж чаддаг юм билээ. Бас их хөгжилтэй санагдсан шүү.
Сурвалжлага хийхээр очсон бидэнд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн аваргадаа, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ахдаа, чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш дасгалжуулагч, тамирчдадаа энэ дашрамд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Амжилт та бүхэнд маш ойрхон байгаа.
Гавьяатын тэмдгийг цагийг нь олж зүүж өгөх ёстой
Бахархаад ханадаггүй юм. Монголын спортын түүхэнд хамгийн анхлан олимпын медаль хүртсэн Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш Д.Сэрээтэр гээд эхэн үеийн шилдэг спортын мастеруудаараа. Зөвхөн амжилтаар нь бус одоо хэр нь Монголын чөлөөт бөхийн холбоо хэмээх их айлд зүрх сэтгэлээрээ хамт байдагт нь.
Тэд энэ удаа ч хамтдаа байлаа. Тамирчдын бэлтгэл сургуулилтад оролцож, арга туршлагаасаа харамгүй заан зөвлөж, зүрх сэтгэлээрээ хамт байгаа нь Лондонгийн олимпод баг тамирчид амжилт гаргахад нь нөлөөлөх байх. Хоёр ардын багш, азай буурлуудаа элдвийг хүүрнэлдэн түүхийн хуудсыг эргүүлж суухад нэгэн яриа өөрийн эрхгүй сонирхлыг минь татсан юм. Ардын багш Ч.Дамдиншарав гуай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, түүний дараа олимпын наадмын эрхийн тэмцээнд тив дэлхийн аваргуудыг буулган авсан Д.Отгонцэцэгт гавьяат цолыг нь өгөх учиртайг онцолсон юм. Дамийл ахын хувьд 1968 оны Мехикогийн олимпод оролцож анхны хүрэл медалийг эх орондоо авчрахад нь гавьяат цол олгоогүй гэдэг.
Энэ талаараа тэрээр “Бүр хожим хойно нэг гавьяат цол олгосон. Одоо бодоод байхад тухайн үед надад гавьяат цол олгосон бол... Урамгүй байсан. Хүн чинь гавьяагаа үнэлүүлэхээр толгойд ч үүрэг хариуцлага нэмэгдэж, тэмцээн уралдаанд илүү оролцдог юм. Одоо бодоод байхад Д.Отгонцэцэгт олимпоос өмнө гавьяат олговол цаадах чинь бүр илүү барилдана” хэмээн хэлсэн юм. Нээрээ ч цол ахихын хэрээр бяр нэмнэ ээ гэж төр засгийн удирдлагууд энэ талын юмыг бодох л хэрэгтэй.
Сэтгэлийн сэргээш
Хамгийн түгээмэл үзэл –Голч
Хамгийн том багш –Амьдрал
Хамгийн агуу ялалт нь Өөрийгөө … хэмээн зохиолч, судлаач Б.Энхбаатар ах хэлсэн. Шигшээ багийн бэлтгэлтэй танилцахаар очсон өдрийн маргааш нь 1972 оны олимпод оролцож явсан хөнгөн атлетикийн спортоор улсын болон спартикад наадмын 38 удаагийн аварга, 2000-2010 онд биеийн тамир спорт газрын албаны дарга, мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Энхбаатар ах шигшээ багийн тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл хэрхэн хийх, амжилт гаргах нөхцөл байдал, тухайн орчиндоо хэрхэн дасан зохицох талаар ярилцсан юм. Тамирчдад ч тухайн хичээл нэлээн үр өгөөжээ өгч чөлөөтэй ярилцаж чадаж байсан.
Ер нь шигшээ багийнхан биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүй тал дээр тамирчдад хэрэгтэй чөлөөтэй ярилцлага их хийдэг гэсэн. Их аварга маань ч гэсэн биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө тамирчидтайгаа мэргэжлийн сүмод барилдаж явахдаа сэтгэл зүйн тал дээр хэрхэн бэлддэг байсан.
Өрсөлдөгч тамирчдынхаа нүдний харцнаас бүхнийг “уншдаг” байсан талаар сайхан ярилцсан аж.
Эхний зогсоол Болгарт
Үнэхээр цаг үеэ олж шигшээ багийн тамирчидтайгаа гурван хоногийн хугацаанд цуг байлаа. Тэднийг хэрхэн бэлтгэлээ хийдэг, жин хасах ямар хэцүү, бэртэл гэмтэл тэднийг хэрхэн мохоодог гээд цөөхөн хугацаанд бүхнийг мэдэрлээ. Үүнээс илүү олон зүйл бичих байсан ч уншигчдаа залхааж, нуршихыг хүссэнгүй. Лондонгийн олимпын наадамд оролцох шигшээ багийн тамирчид маань энэ сарын 29- нд эх орноосоо мордож, Болгар улсад тав хоногийн цагийн бүсэд дасах сэргэлтийн бэлтгэлд хамрагдаад Лондон хотыг зорих юм. Тэртээх 1980 оны Москвагийн олимпын наадмаас хойш буюу 32 жил тасарсан медалийн буухиаг залгахаар, түүхийн хуудсыг эргүүлэхээр шигшээ багийн шилдэг найман тамирчин, багш дасгалжуулагч албаны хүмүүсийн хамт явж буй юм. Ард түмнээсээ үүрэг хариуцлага, даалгавраа авчихсан, бэлтгэл сургуулилтаа чамбайруулсан тэд амжилт гаргана аа. Бид итгэж байна. Чөлөөтийнхөөн гэж. Сайхан хамт олон юм аа… Амжилт хүсье. Та бүхэндээ.
/Дараагийн дугаартаа Өвөрмонголын эмэгтэй шигшээ багийн тамирчин Чандганцагаан түүний дасгалжуулагч болон Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ багшийн шавь Б.Нямбаяртай хийсэн ярилцлагуудыг уншаарай./
Димитр Кумчев: Ж.Чулуунбатад аз таарвал олимпоос медаль хүртэнэ
Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар олимпын наадамд 120 кг-ын жинд зодоглох Ж.Чулуунбатын бэлтгэл хангагчаар ирсэн Божидар Бояжиев, Димитр Кумчев нартай ярилцлаа. Хүчтэнүүд маань маргааш нутаг буцах юм.
-Юуны түрүүнд танд олимп дөхсөн энэ цаг үед манай улсын шилдэг тамирчдын нэг Ж.Чулуунбатын бэлтгэл хангагчаар ажиллаж, дэмжиж байгаад талархал илэрхийлье.
-Баярлалаа.
-Манай улсад анх удаагаа ирж байгаа гэж сонссон. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Надад бүх зүйл таалагдаж байна. Бидний байрлаж байгаа бэлтгэлийн бааз агаар нь маш сайхан. Сэтгэл маш өндөр байгаа шүү.
-Бэлтгэл сарын хугацаанд үргэлжлээд одоо дуусах гэж байна. Бэлтгэл хэр үр өгөөжтэй болсон бэ?
-Эхэндээ өөр, өөр зан ааштай, биднээс эрс ондоо хүмүүсийн дунд орж ирэх сонин санагдаж байлаа. Яваандаа дассан. Бэлтгэлийн хувьд өөлөөд байх зүйлгүй. Маш сайн болсон. Багш, дасгалжуулагч ч маш сайн юм байна.
- Ж.Чулуунбатын бэлтгэл сургуулилт, арга техникийн тухайд юу хэлэх вэ?
-Хэрвээ аз байх юм бол медаль авахад гайхаад байх зүйлгүй. Олимпын наадам чинь аз л байдаг юм. Миний хувьд, дэлхийн олон л мундаг бөхтэй барилдаж явлаа. Хамгийн гол нь аз л байдаг юм. Энэ дашрамд, Чукадаа амжилт хүсмээр байна.
-Та энэ жил олимпын эрх олгох тэмцээнд яагаад бүдэрчихэв ээ?
-Тийм ээ. Хятадад эрх олгох тэмцээнд явсан ч яагаад ч болж өгсөнгүй.
-Манай тамирчдаас хэр туршлага судалж байна. Эвсэл туршлага солилцох байдлаар ч юм уу?
-120 кг-д танайхаас шинэ залуу бөх хүч түрэн гарч ирж байна. Гол ньтэднийг бэлтгэж байгаа хүмүүс нь их сайн юм. Харин манай улсад санхүүгийн байдлаас шалтгаалж чөлөөт бөхийн спорт хөгжихгүй байгаа.
-Харин тийм гэж сонссон. Бөхчүүдийн тоо ч буурч байгаа гэсэн. Үнэн үү?
-Тийм ээ.
-Таныг Европын аварга шалгаруулах тэмцээнд 2010 онд гуравдугаар байрт шалгарч байсныг мэдэх юм байна. Үүнээс өөр амжилтаа манай уншигчдад сонирхуулаач?
-Болгарын улсын аварга шалгаруулах тэмцээнд арав гаруй удаа түрүүлсэн. Олон улсын тэмцээн уралдааны хэд хэдэн шагналтай.
Мөн 2009 онд манай улсын Обзор хотод болсон элсний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.
-Та аль бөхийн клубт харьяалагддаг вэ?
-Асеновград хотын “Асеновец” бөхийн клубт хамааралтай барилддаг.
Божидар Бояжиев: Г.Өсөхбаярыг барьц сонгоод ялж байлаа
1996 оны Европ тивийн аварга, Болгар улсын 11 удаагийн аварга, олимп, дэлхийн шагналт байрт тамирчин Божидар Бояжиевтай ярилцлаа.
-Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан Болгарын шилдэг бөхчүүдийн төлөөлөл манай улсад ирсэнд баяртай байна?
-Баярлалаа. Монголчууд их зочломтгой юм. Их зүйл үзэж амжаагүй ч Монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэрсэн.
-Манай бөхчүүдтэй их найзууд болсон юм шиг харагдсан?
-Бид хоёр Монголын бөхчүүдээс ялгарахгүй л болсон.
-Монголд ирэх саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хувьд, Монголд ирж үзмээр санагддаг байсан. Тиймээс шууд л зөвшөөрсөн.
-Таныг би их олзуурхлаа л даа. 1996 оны олимпод манай улсын аварга Г.Өсөхбаяртай барилдаж байсан гэсэн үү?
-Тийм ээ. Барьц сонгож барилдаад би ялж байлаа. Тухайн үедээ Монголдоо ийм том бөх гэж бодоогүй.
-Танайх чөлөөтийн 120 кг-д эрх авч чадаагүй. Та ингэхэд эрх олгох тэмцээнд оролцсон уу?
-Хамгийн сүүлийн олимпын эрхийн тэмцээнд оролцсон. Уг нь, төлөвлөөгүй. Тийм учраас хоёр сар бэлтгэл хийгээд оролцсон. Надад “Олимпын эрх аваад өг. Оронд чинь өөр хүн явуулна” гэсэн санал тавьсан. Гэсэн ч чадаагүй. Миний хувьд, урьд нь Болгарт олимпын гурван ч эрх авч өгч байсан. 2000 онд миний авсан эрхийн дор өөр тамирчин оролцсон.
-Олимпын эрхээ хүртчихээд оролцохгүй бол ямар байдаг бол?
-Нэгэнт холбооноос гаргасан шийдвэр учир зөрчих эрхгүй.
-Таныг бэлтгэл дээр хараад байхад их шартай юм аа?
-Миний бэлтгэлээ хийж байгаа байдал л тэр. Өнөөдөр барилдахдаа хуруугаа бэртээчихээд тэрэндээ бухимдаад л байлаа. Дэвжээн дээр ялна л гэж гардаг.
-Ямар үед хамгийн ихээр шантарч няцдаг вэ?
-Надад энэ спортоос залхаад хаяад явмаар үе олон байсан. Бодолдоо дийлдээд хэсэг хаядаг ч өөрийн эрхгүй заал, бэлтгэлийн дэвжээ бодогдоод буцаад л ордог. /Инээв/
-Ирээд цөөнгүй хоног өнгөрлөө. Таалагдахгүй байгаа зүйлээ ний, нуугүй хэлээч?
-Яг үнэндээ хоолонд л дасахгүй байна. Энд ирээд Кумчев маань 10, би бараг найман кг хассан. Энэ нь хоол ундтай л холбоотой байх.
-Таны аавыг дасгалжуулагч гэж сонссон. Та их спортоо орхисон цагт дасгалжуулагч болох уу?
-Миний багш бол миний аав. Одоохондоо тийм бодол алга.Би хоёр ихэр хүүхэдтэй. /зургийг нь үзүүлэв/ Найман сарын 29-нд төрсөн өдөр нь болно. Тиймээс хурдан харимаар байна. Яагаад үүнийг ярьсан гэхээр хоёр ихэр хүүхэдтэй болоод бөхөө орхиход хүрч байгаа.
-Яагаад. Ихэр хүүхэд асрах хэцүү гэж үү?
-Эхнэртээ туслахгүй бол болохгүй.
-Манай бөхчүүд их шүтлэгтэй. Та хэр шүтлэгтэй вэ?
-Тийм ч айхтар биш ээ. Гэхдээ бурханд итгэдэг.