Одоогоос 140 жилийн тэртээ 1877 оны наймдугаар сарын 30-нд Францын зураач, зохион бүтээгч Эмил Рейно хөдөлгөөнт зургуудыг олон хүнд нэгэн зэрэг үзүүлдэг праксиноскоп гэх төхөөрөмжийн патент авсныг хүүхэлдэйн киноны төрсөн өдөр гэж үздэг ажээ. Ах дүү Люмиер нар кино урлагийн суурийг тавихаас өмнө ийнхүү хүүхэлдэйн киноны суурь тавигдсан түүхтэй.
Эмил Рейно праксиноскопоо ашиглан Парисын Гревений музейд 1877 оны аравдугаар сарын 28-нд өөрийн зурж эвлүүлсэн хүүхэлдэйн киног үзүүлэн хуран чуулсан олныг гайхшруулсан гэдэг. Тэрээр киноны баатрууд болон бусад зүйлсийг тусад нь зурах зэрэг хүүхэлдэйн кино бүтээх хэд хэдэн суурь аргачлалыг анх удаа хэрэглэжээ.
Гэвч 1895 онд хавьгүй хямд өртөгтэй кинематограф бий болов. Эмил Рейно энэхүү шинэ технологитой өрсөлдөх ямар ч боломжгүйгээ ойлгож цөхрөхдөө праксиноскоп аппаратаа бүх хөдөлгөөнт зургуудынхаа хамт Сена мөрөнд шидсэн юм билээ. “Ядуу Пьеро”, “Бүхээгийг тойрсон нь” гэх хоёрхон бүтээлийнх нь зарим хэсэг л үлджээ.
Дэлгэцийн киноны эрин эхэлснээр хүүхэлдэйн киноны хөгжилд маш их түлхэц өгсөн нь мэдээж. АНУ-ын Ж.Блэктон, А.Смит нар 1898 онд модон тоглоомууд ашиглан “Одой нарын цирк” нэртэй анхны хүүхэлдэйн киног хальсан дээр авсан байна. Улмаар АНУ-ын “Vitagraph” компани Ж.Блэктоны “Инээдтэй нүүрнүүд” хэмээх зурмал хүүхэлдэйн киног хальсанд буулган олны хүртээл болгожээ.
АНУ-ын зураач В.Маккей 1914 онд үлэг гүрвэл Гертигийн адал явдлыг цувралаар хүргэн олон ангит хүүхэлдэйн киноны эхлэлийг тавьсан бол Аргентины К.Кристиани “Апостол” гэх 69 минут үргэлжлэх анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээсэн байна. Тэр үед хачирхалтай нь киноны бүх хальсыг хуванцар сам хийхэд ашигладаг байсан бөгөөд “Апостол”-ын хадгалагдан үлдсэн эх хувь нь 1926 онд “Валье” студид гарсан түймэрт өртөн үрэгдэж өнөөг хүрээгүй нь харамсалтай.
Дараа нь хүүхэлдэйн кинонд алдарт Волт Диснейн ноёрхлын үе эхэлжээ. Тэрээр 1928 онд хүүхэлдэйн киноны түүхэн дэх хамгийн алдартай баатар Микки Маусын тухай анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосноос гадна “Виллигийн хөлөг онгоц” нэртэй анхны дуутай хүүхэлдэйн киног бүтээжээ.
Волт Дисней 1932 онд “Цэцэгс ба модод” нэртэй анхны өнгөт хүүхэлдэйн кино, үүнээс таван жилийн дараа үе үеийн багачуудын андахгүй сайн мэддэг ах дүү Гриммийн сонгодог үлгэрээр сэдэвлэсэн “Цасхан ба долоон одой” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоо хийж дуусгасан аж.
Маш олон чадварлаг зураачдийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн, “Цасхан ба долоон одой” Волт Диснейг дэлхий даяар алдаршуулснаас гадна найман сая гаруй ам.долларын ашиг олсон юм. Дэлхийн бүхий л том сонинд цаг үеэсээ түрүүлсэн Волт Диснейн энэ бүтээлийг шагшин магтаж байв.
Ингээд, зурмал хүүхэлдэйн кинонд Диснейн аргачлал тэргүүлж эхэлжээ. Уолт Дисней 1932-1969 оны хооронд санаанд оромгүй их буюу 26 “Оскар”-ын шагнал хүртсэнийг энд дурдах нь илүүц биз.
Дэлхийн II дайны дараах Японы эдийн засгийн гайхамшигтай үсрэлтийн үед, 1958 онд авьяаслаг зураач Осама Тэзукигийн хүчин чармайлтаар зурмал хүүхэлдэйн киноны маш өвөрмөц аниме хэв загвар үүсч хөгжих болсон байна.
Тэгвэл 1960 онд АНУ-ын телевизээр насанд хүрэгчдэд зориулсан анхны “Флинтстоуныхан” хэмээх цуврал хүүхэлдэйн киног нэвтрүүлж эхлэхэд санаанд оромгүй их амжилтад хүрсэн аж.
1970-аад оны сүүлээс эхэлсэн компьютерийн эрин хүүхэлдэйн кино бүтээх технологид хувьсгалт өөрчлөлт авчрах нь зөвхөн цаг хугацааны асуудал байв. Үүнд анхны хувийн компьютерийг зохион бүтээгчдийн нэг Стив Жобсын гүйцэтгэсэн үүрэг их.
Тэрээр “Оддын дайн” киногоороо нэрд гарсан Жорж Лукасаас компьютерийн тусгай эффект хийдэг “The Graphics Group” компанийг 1986 онд таван сая ам.доллараар худалдан авчээ. Стив Жобс компанийн нэрийг “Pixar” гэж өөрчлөөд чадварлаг график дизайнеруудын хүчийг дайчлан компьютер дээр бүрэн хийсэн анхны “Бага Луксо”, “Улааны мөрөөдөл”, “Тугалган тоглоом” зэрэг богино хэмжээний өвөрмөц кинонуудыг дэлхийд танилцуулсан юм.
“Pixar” компанийн 1995 онд 30 сая ам.доллар зарцуулан байж хийсэн анхны гурван хэмжээст бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Тоглоомын түүх” шууд “Оскар”-ын шагнал хүртсэн билээ. Тус компани улмаар дахин дөрвөн бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино бүтээн нийтдээ 2.5 тэрбум ам.долларын орлого олсноор “Дисней” студийн урд гишгэж кино урлагийн түүхэн дэх хамгийн их ашигтай ажилласан хүүхэлдэйн кино үйлдвэрлэгчээр тодорсон юм.
Тэр цагаас хойш компьютерээр хийсэн тоон хүүхэлдэйн киноны үе үргэлжилсээр…
Манай орны хувьд хүүхэлдэйн киноны түүх нэлээд хожуу эхэлсэн. Монголд кино урлаг хөгжсөний 40 жилийн ойд зориулан 1975 онд Ц.Зандраа, Б.Жадамба, Т.Отгонбаяр, Д.Балданпүрэв нар Т.Галсангийн зохиолоор “Өндөг” нэртэй анхны нэг бүлэг зурмал хүүхэлдэйн киног бүтээжээ.
Үүнээс хойш “Эрх цагаан ишиг”, “Арслан өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн” гээд богино хэмжээний нэлээд хэдэн чамбай хүүхэлдэйн кино хийсэн ч харамсалтай нь 1990-ээд оны шилжилтийн амаргүй үед энэ салбар үндсэндээ устахад хүрсэн юм. Хэдий тийм ч цөөн хэдэн уран бүтээлч төрөөс ямар нэг дэмжлэггүйгээр бие даан хүүхэлдэйн кино хийх бүтэлтэй бүтэлгүй оролдлогууд хийсээр иржээ. Тэдний ачаар л Монголын хүүхэлдэйн киноны түүх тасралгүй өнөөг хүрсэн гэлтэй.
Хоёр жилийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр “И-Эй-Эс-Эс” компани Х.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” зохиолоор манайдаа анхны олон ангит “Гоодой Моодойн адал явдал” нэртэй 3D хүүхэлдэйн киног “Pixar”-аас 1600 дахин бага өртгөөр хийх гэж үйлээ үзсэн ч зүтгэсээр байгаад зохих үр дүнд хүрсэн билээ. Юутай ч “Гоодой Моодойн адал явдал” манай орны 3D хүүхэлдэйн киноны хөгжилд түлхэц өгсөн нь дамжиггүй.
Тэгвэл хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монголын киноны түүхэнд шинэ хуудас нээгдэх нь. Есдүгээр сарын 1-нд манай анхны бүрэн хэмжээний “Мора” 3D хүүхэлдэйн уран зөгнөлт кино дэлгэцнээ гарах гэж байна.
Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Тэргэл хэмээх авъяаслаг зохион бүтгээгч хэдий ч бусдыг хайрлаж хүндэлдэггүй зожиг залуу “Мора” гэх нисдэг робот бүтээдэг аж. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо гэдэг залуу зорилгодоо хүрэхийн тулд элдэв хорон муу арга хэрэглэдэг байна.
Тэргэл Шүрээ гэх бүсгүйд дурлах ба “Мора”-гийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор өрнөдөг ажээ.
“Мора” хүүхэлдэйн кино “Хүн өөрийгөө хэзээ ч өөрчлөх боломжтой. Үүнд гагцхүү чухал учир шалтгаан хэрэгтэй” гэсэн санааг хүргэхийг зорьжээ.
IT технологийн “Том-Амжилт” компанийн захирал Ж.Шижир тус киног хоёр жилийн өмнө хийхээр санаа шулуудсан бөгөөд эхэндээ ийм их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардана гэж төсөөлөөгүй аж. Хэдий тийм ч нэгэнт эхэлснээ дуусгаж, монголчууд бие даан бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино хийж чаддагийг харуулахын тулд компанийн үйл ажиллагааны орлого, тэр ч бүү хэл өөрийнхөө байрыг зарж байж “Мора”-г санхүүжүүлжээ.
Кино бүтээх үйл явц ч төлөвлөснөөс хавьгүй сунжирч хоёр жил үргэлжилсэн байна. Энэ хугацаанд киноны багийнхнаас нэг нь гэрлэсэн төдийгүй хүүхэдтэй болж, дөрвөн ч хүн бүл нэмж амжжээ.
Нарийн чимхлүүр ажил ихтэй 3D хүүхэлдэйн кино хийхэд хөрөнгө мөнгөнөөс гадна хүний нөөц, чадварлаг сайн графикчид маш их шаардлагатай. Тэгвэл “Том-Амжилт”-ын давуу тал нь хажуудаа “Амжилт” академитай тул графикчдаа өөрсдөө сургаад авдаг байна.
200 гаруй сая төгрөгөөр бүтсэн “Мора”-гийн зохиолыг сошиал ертөнцөд “Аанха” нэрээр нь андахгүй Г.Анхбаяр бичжээ.
Тус киноны продюсерээр Ж.Шижир, найруулагчаар Ч.Отгонбаяр, зураачаар Э.Бүрэнтөгс, Э.Жавхлантөгс, ахлах аниматороор Б.Эрдэнэ-Очир, А.Тамираа, Э.Бүрэнтөгс нар ажжиллаж, Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн зэрэг жүжигчид дуу оруулсан юм байна. “Мора” гэж ямар утгатай үг болохыг сонирхоход Ж.Шижир, “Гол дүрийн баатар маань нисдэг робот морь. Тийм учраас л морь гэдгийг жаахан өөрчлөөд “Мора” гэж нэрлэсэн” гэсэн юм. Билэгтэй сайхан нэртэй, булган сүүлтэй энэ киноны араас “Про стар” студийн “Шидэт хуудас”, “Ocean Pictures” компанийн ”Чингис хаан” гээд хүүхэлдэйн кинонууд хөврөх нь.
Иймд үлгэр домгоор баялаг Монголын минь 3D хүүхэлдэйн кино “Мора” нисдэг морь шиг дүүлэн хөгжиж, дэлхий даяар алдарших цаг ирнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.
Б.ТҮШИГ