Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“НИЙСЛЭЛ ЛИГ-2012” ТЭМЦЭЭНИЙ СОЛИЛЦООНЫ ЦОНХ ХААГДАЖ, БАГУУД 2 ДУГААР ТОЙРОГТ ТОГЛОХОД БЭЛЭН

“НИЙСЛЭЛ ЛИГ-2012” тэмцээний эхний тойргийн тоглолтууд Орхон аймгийн Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний дээд лигийн эхний тоглолт тамирчдын уран гоё тоглолтоор үзэгчдийг уйдаасангүй. Нэгдүгээр тойргийн байдлаар хүснэгтийн тэргүүн байранд 3 баг ижил 16 оноотой яваа нь энэ жилийн лиг ямар өрсөлдөөнтэй болж байгааг харуулж байна. Нийслэл лигийн эхний тойрогт нийт 103 гоол орж, 60 тамирчин энэ жилийн лигт өрсөлдөгчийнхөө хаалгыг гоолоор мялааж эхний тойргийг өндөрлүүллээ. Нэг тоглолтод дунджаар 3.67 гоол орсон нь үзэгчдийг уйдаахааргүй тоглолтууд өрнөснийг илчлэнэ.
Энхий тойргийн байдлаар Мэргэн буучдын жагсаалтыг Улаанбаатар Дээд Сургуулийн Н.Цэдэнбал 7 гоолтой тэргүүлж байна. 5 гоолтойгоор мөн багийн тамирчин Ц.Түмэнжаргал, Хоромхон клубын Япон легионер Ikeda Yudai нар удаалж байгаа бол 4 гоолтой Хоромхон клубын Fante Ryan, Хангарьд клубын Нигери тоглогч Paul Ebuka, Эрчим клубын Э.Чинбаатар, Улаанбаатар Дээд Сургуулийн Ц.Амаржаргал нар удаалж явна.

Нийт 28 тоглолтод 92 шар хуудас, 8 улаан хуудас шүүгч нар өргөжээ. Энэ нь 1 тоглолтод 3.28 шар хуудас, 0.28 улаан хуудас авсан үзүүлэлт юм. Хамгийн “сахилгагүй баг”-аар Хоромхон клуб 3 улаан, 18 шар хуудас авснаар орсон бол хамгийн үлгэр жишээ багаар Улаанбаатарын мазаалайнууд баг 6 шар хуудас, Хасын Хүлэгүүд баг 9 шар хуудас авч, үзэгчдийг хүндэлсэн шударга тоглолт үзүүлэгч баг болсон байна.

НИЙСЛЭЛ ЛИГ- 2012 тэмцээний хоёрдугаар тойрогт багууд хүчээ сэлбэн солилцооны цонхоор нилээдгүй олон гадны тоглогчдыг багтаа элсүүлэн авчээ.
Хоромхон баг Ц.Мөнгөншагай-г багтаа элсүүлсэн бол, Сэлэнгэпресс баг Liu Yue Yang, Cui Ning Yang, Li Ning, Pang Jun гэсэн 4 Хятад тамирчдаар хүчээ зузаатгалаа.
Эрчим баг 2-р тойргийг Японы легионер Ёосуке Минами-гүйгээр үргэлжлүүлхээр болсон ч Ernani Mauro Costa Candidog гэсэн Бразил тоглогчдыг эгнээндээ нэгтгэж чаджээ.
Улаанбаатар Дээд Сургууль солилцооны цонхоор Ц.Ганбаяр, М.Батцэнгэл, М.Цэнгэл гэсэн 3 тоглогчоо сольж, ОУХМ хаалгач Ж.Энхбаяр, Э.Анхбаяр, Жардель Ди Силва (Бразил) гэсэн 3 тоглогчийг шинээр нэмж авчээ.
FC Ulaanbaatar баг эгнээнээсээ хүн хассангүй харин Болий Принц Марк гэсэн Либери, Этоунди Алима Жаром Сиван гэсэн Камерун залуусаар хүчээ сэлбэжээ.
Хангарьд баг 19 дугаартай Тэмүүлэнг сэлгэж, ОХУ Павел Сергеевич Дробышев, Владислав Олегович Ткаченко-г багтаа элсүүлжээ.
Хасын Хүлэгүүд баг Г.Молор-Эрдэнэ, Бразили тоглогч Felipe Bastos Magalhres болон Сэлэнгэпресс багийн туршлагатай тоглогч болох Г.Даваа-Очир-ыг эгнээндээ нэгтгэн хүчээ сэлбэлээ.

Ийнхүү солилцооны цонх албан ёсоор хаагдсан бөгөөд МХБХ-ны Дээд лиг болох “Нийслэл лиг” тэмцээн нийт 24 легионер тоглогчидтой боллоо.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбай FIFA GOAL-5 төслийн хүрээнд засварт орон үзэгчдийн суудал барих ажил эхэлсэн. Хуваарь ёсоор Эрчим клубын шинээр байгуулагдах талбайд 2012 оны 8 дугаар сарын 4-ны өдөр Нийслэл лиг тэмцээний 2 дугаар тойрог эхлэх байсан боловч Эрчим клубын талбайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаагийн улмаас 2 дугаар тойрог хаана явагдах нь тодорхой бус байна. Улаанбаатар хотод өөр стандарт шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай байхгүй бөгөөд Эрдэнэтийн Хангарьд клубын талбайд “Нийслэл лиг” дахин явагдаж магадгүй ажээ.
2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Тэмцээн Зохион Байгуулах Комисс хуралдан албан ёсоор тэмцээн явагдах газар, хугацааг зарлана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан