Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод буй Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүллээ.
Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярилаа. Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Яг суурьшлын бүст гарсан учраас хуулийн дагуу ариутгал хийж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, бусад үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх талаас нь шийдвэр гаргаж ажиллахыг хичээж байна.
Шүлхий өвчин гэж юу вэ?
Шүлхий өвчин богино хугацаанд өргөн уудам нутаг, улс, тивийг хамран тархаж, олон төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыг өвчлүүлдэг, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт, вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.
Шүлхийн халдвар ихэнхдээ өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэмтгий мал, амьтанд шууд хавьтлын замаар болон өвчний үүсгэгчээр бохирлогдсон эд зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдварладаг. Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мап, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.
Хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээнэ.
Шүлхий өвчинтэй тэмцэх
Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.
Шинж тэмдэг
нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрнэ.
Нэгэнт өвчин туссан мал ямар ч эмчилгээгүй нядлуулдаг