Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗУНЫ ОЛИМПЫН БАМБАРЫН ХАМГИЙН, ХАМГИЙН

116 жил болж байгаа Олимпын түүхэнд эртний Грекийн олимп уулнаас их наадмын бамбарыг асаадаг, тэндээсээ өртөөлөн олимп болох улс, хот хүргэдэг уламжлал хадгалагдсаар ирсэн. Хамгийн анх 1928 онд Амсдердамд болсон олимпод бамбар ашигласан бол 1936 онд Берлиний олимпын үеэр бамбарыг анх удаа Геббельсийн саналаар буухиалан авчирч байжээ. Зуны олимп бүрээр л зохион байгуулагчид олимпын бамбарын хэлбэр загвар, чанарыг сайжруулахаар хичээж иржээ.
Сүүлийн 10 удаагийн олимпын бамбарын хамгийн, хамгийн содон шинжийг өгүүлж байна.

Монреал-1976. Хамгийн гоёмсог бамбар

Монреаль олимп зохион байгуулахаар таван удаа санал өгсөн ч 1976 онд эрх авч байсан юм. Техникийн дэвшлийг хамгийн их ашигласан олимп гэж үздэг. Энд олимпын галыг хэрхэн тив алгасуулан өртөөлөх вэ гэдэг асуудал байсан. Тэгээд Афинаас сансрын хиймэл дагуул ашиглан дамжуулсан гэдэг. Гэхдээ бамбарыг зохион бүтээгч Жорж Хьюэл, Мишель Даллер хамгийн гол нь телевизийн дэлгэцнээ хэрхэн харагдах вэ гэдэг талаас нь онцгой анхаарчээ. Өнгөний ялгарлыг нь сайжруулахын тулд тэд улаан бариултай, дөрвөлжин хар толгойтой хийж, олимпын таван цагаригаар чимэглээд Монреаэль гэдгийг бэлгэдэг М үсэг товойлгосон гэдэг.

Москва-1980. Хамгийн хурдан хийсэн бамбар

ЗХУ-д болох олимпын бамбарын хувь заяаг 1976 онд шийджээ. Мэргжилтнүүд хэлбэр, дотоод байдал нь ямар байх талаар ярилцсаны эцэст япончуудаар хийлгэе гэсэн ч Зөвлөлтийн түшмэлүүд зөвшөөрсөнгүй. Ингээд Ленинградын Климовын нэрэмжит автомашины үйлдвэрт хийлгэхээр нэг сарын хугацаа өгсөн байна. Борис Тучин ахлагчтай инженерийн баг энэ хугацаанд амжуулсан нь хамгийн богино хугацаагаараа дээд амжилт тогтоосон юм. Их бие нь тусгай хийцтэй ч алтлаг өнгийн бариултай,  дотроо шатагч хий бүхий баллонтой энэ бамбарыг 6200 ширхгийг хийжээ.

Лос-Анжелос-1984. Хамгийн ховор бамбар

Ердөө хоёр жилийн дараа гэхэд л 1984 оны олимпын бамбар үзэсгэлэнд тавигдлаа. Гангаар хийж алтлаг ялтсаар чимэглэсэн, жинхэнэ арьсаар бариултай энэ бамбарыг ердөө 5000 ширхэг хийжээ. Дээд хэсэгт нь Лос-Анжелос хотноо болох 1984 оны олимпоос гадна 1932 онд болсон олимпын цэнгэлдэх хүрээлэнг товойлгон дүрсэлжээ. Энэ чимэглэлээрээ уг бамбар олимпын түүхнээ хамгийн дурсгалтай бамбар болсон юм. Бамбараас гадна зохион бүтээгчдийн хийсэн олимпын бэлгэдэл Сэм бүргэд зохион байгуулагчдад хамгийн ихээр таалагдсан гэдэг.

Сөүл-1988. Хамгийн ази төрхтэй бамбар

Солонгосчууд бүр дөрвөн жилийн өмнөөс л бамбарын арав гаруй загвар гарган бэлтгэж Сунмёны эмэгтэйчүүдийн сургуулийн профессор Ли Ву Сонгийн загварыг сонгожээ. Ерөнхийдөө гадаад төрхөөрөө Калгарийн өвлийн олимпын  бамбартай төстэй ч гаднах сийлбэрээрээ ялгарна. Дээд ирмэгт нь дорно, өрнийн харилцааг бэлгэдсэн хоёр луу чимэглэжээ. Калгарийн олимп “Бүхнээс хурдан, бүхнээс   өндөр, бүхнээс  хүчтэй” гэсэн уриатай байжээ.

Барселон-1992. Хамгийн загвар сайтай

1986 онд Олон улсын олимпын хо­роо шийд­вэрлэх үеэр ис­паничууд нэгэн со­нин арга хэ­рэглэжээ. Газ­рын зу­раг дээр өн­­гөрсөн олим­пын бам­барууд асч байгаа хо­туудыг тэм­­­­дэглээд ганцхан Ибе­рийн хойгийг харанхуйгаар тэмдэглэж. Энэ санааг нь үнэлж Бароселон шалгарсан гэдэг. Одоо олимпын бамбараа хийх, асаах л үлдлээ. Зохион бүтээгч Андое Рикард “латин хэв шинжтэй” байхаар төлөвлөжээ. Ингэж олимпын түүхнээ хамгийн бодит бамбар бүтсэн түүхтэй. Хэлбэр нь ердөө л аяган толгойтой урт хадаас. Олимпын бамбар аялсан 652 суурин газрынхан энэ бамбарыг өндрөөр үнэлсэн байна.

Атлант-1996. Хамгийн урт бамбар

Атлантын олимп бол орчин үеийн олимпын 100 жилийн ойтой давхацсан түүхэн наадам байсан. Ийм болохоор бамбар зохион бүтээгчид эртний хэлбэр оруулахыг зорьсон байна. Дотоод төхөөрөг дээр нь Жоржийн технологийн их сургуулийн мэргэжилтнүүд ажлилаж гадаад хэлбэрийг нь зохион бүтээгч Малколм Грир гаргажээ. Хамгийн гол нь, 1896 оноос хойшхи зуны 26 олимпыг бэлгэдэх ёстой байлаа. Үүнийгээ 26 мөнгөн савхаар бэлгэдэж, ерөнхий төрх нь Грекийн сонгодог уран барилгын маягаар шулуун төрхтэй хийжээ. Ийнхүү энэ бамбар олимпын түүхнээ хамгийн урт бамбар болсон байна. Олимпын нээлтийн галыг алдарт боксчин Мохаммед Али асаасан юм.

Сидней-2000. Хамгийн олон үетэй бамбар

Сиднейн олимпын бамбар бол хамгийн урт зам туулж, олимпын хотод очсон бамбар. Энэ бамбар нийтдээ 17 мянган км зам туулж Сиднейд очжээ. Бамбарыг явганаар, галт тэргээр, дугуйгаар, усан болон нисэх онгоцоор өртөөлсөн юм. Зохион байгуулагчид дөрвөн жилийн өмнөөс л бамбарын загвар гаргахаар Австралийн хэдэн арван зохион бүтээх товчоонд тендер зарлаж “Blue Sky Design”-ийн загварыг сонгожээ. Тэнд Сиднейн дуурийн театр, Номхон далай, анчны бумеранг гээд янз бүрийн дүрслэл санал болгож байсан ч газар, ус, гал гурвын бэлгэдсэн гурван үе бүхий загварыг сонгож авчээ.

Афин-2004. Хамгийн урагшгүй бамбар

Афины бамбар олимп болохоос нэг жилийн өмнө гэхэд л олны хүртээл болсон байлаа. Зохион бүтээгч Андреас Варотсос уг нь албан тасалгааны тавилгын мэргэжилтэн. Тийм ч болоод тэр үү бамбарын гол материалдаа чидун жимсний мод, металл ашигласан байна. Тэр юун түрүүнд эртний Грекийн түүх, хоёрдугаарт орчин үеийг бэлгэ тэмдэг болгохыг эрмэлзэж. Энэ бамбар чидун жимсний навч санагдуулахаар хийцтэй. Харамсалтай нь, техникийн талаар төгс биш байснаас олимпын бамбарыг өртөөлөх үеэр нэг биш удаа салхинд унтарч байсан гэдэг.

Бээжин -2008. Байгальд хамгийн ээлтэй бамбар

2008 оны олимпын бамбарыг бүтээх гэж мэргэжилтнүүд бараг нэг жил ажилласан гэдэг. Хамаг найдвараа компьютер үйлдвэрлэлийн  “Lenovo”-д тавьж байлаа. Хүн төрөлхтний түүхэнд оруулсан Хятадын агуу их бүтээл болох цаасыг бэлгэдэж хуйлсан цаасны хэлбэртэй хийсэн байна.
Өнгөний хувьд ялалт бэлгэдэж, бариул хэсгийг нь улаан, дээд талыг нь мөнгөлөг өнгөөр хийжээ. Дээд хэсэгт Хятадын уран зураг, чимэглэлийн урлагт ихээхэн тохиолддог үүл дүрсэлсэн  байна. Энэ бамбар олимпын түүхнээ хамгийн нарийн технологитой, бас байгальд ээлтэй бамбар болжээ. Учир нь, пропан ашигласан нь агаар шатаадаггүй, тэгэхээрээ тамирчны уушгинд ямар ч нөлөөлөлгүй болсон гэдэг.

Лондон-2012. Хамгийн олон нүхтэй бамбар

Лондонгийн олимп эхлэхээс яг 100 хоногийн өмнө энэ бамбарыг олонд мэдээлжээ. Зохион бүтээгч Эдвард Барбер, Жей Осгерби нарын загвараар хийсэн байна.
Энд гурван талт хэлбэр сонгон авч мөнгөн ялтсаар урлажээ. Энэ гурван тал нь өнөө л олимпын гол уриа болох “Бүхнээс хурдан, бүхнээс   өндөр, бүхнээс  хүчтэй” гэдгээс гадна Лондонд олимп гурав дахь удаагаа болж байгаа гэдгийг илтгэж байгаа гэнэ. Харин гадаргуу дээрх 8000 дугариг нүх нь олимпын бамбарыг цэнгэлдэх хүрээлэнд ортол нь өртөөлж авчрах тамирчны тоог илэрхийлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан