“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ П.Орхон дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, Шведийн Хенна Йоханссоныг 6:2, Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж хагас шигшээд шалгаран олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог 13:0 -ээр буюу оноогоор ялснаар шигшээ барилдаанд шалгарсан.
П.Орхон алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачтай барилдан 6:3 яллаа.
Тэрбээр Монголын эмэгтэй шигшээ багийн гурав дахь дэлхийн аварга болж байгаа юм. Өмнө С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар дэлхийн аваргын алтан медаль авсан билээ.