Төрийн албан хаагчдын хүүхдүүд энэ намраас эхлэн ямар нэгэн ямба эдлэх эрхгүй боллоо. Ижий, аавууд нь төр засагт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэснийхээ төлөөсөнд нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгадаг байсан. Харин одоо тэд сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ хэмээн наймдугаар сар гараагүй байхад л толгойгоо гашилгаж сууна. Учир нь, өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд Төрийн албаны тухай хуулийн нэгэн заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг байсныг зогсоосон юм. Хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж заасан тул энэ намар шинээр их, дээд сургуульд элсч буй оюутнууд эхний “хохирогчид”. Харин хуулийн заалтад өөрчлөлт оруулахаас өмнө суралцаж байсан буюу хоёрдугаар дамжаанаас дээш ангийн оюутнууд төгстөлөө төрийн сангийн санхүүжилтэд хамрагдах боломжтой тул яалт ч үгүй азтангууд гэлтэй.
Сургалтын төрийн сан 1993 оноос сургалтын зээл, буцалтгүй тусламжийг Сургалтын төрийн сангаар дамжуулан эхлүүлжээ. Үүнээс хойш Засгийн газар сургалтын зээл, буцалтгүй тусламжийн талаар долоон удаа тогтоол гаргажээ. Малчин, бага орлоготой, төрийн албан хаагч, гурваас дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж буй өрхүүдийн нэг хүүхдэд зээл, буцалтгүй тусламж олгох, сумдад төрийн албан хаагч бэлтгэх зардал гэх мэтээр зээл тусламжинд хамрагдах оюутнуудын хүрээг тэлсэн. 2000 онд БСШУ-ы сайдаар А.Цанжид ажиллаж байх үед төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг болохоор шийдвэрлэж байсан удаатай. Тусламжийн хэмжээ жил бүр нэмэгдэж, сургалтын зээл, буцалтгүй тусламжинд хамрагсадын тоо 1993 онд 8000 байсан бол өдгөө 42 мянган болжээ. Харин энэ тоо цаашдаа өсөх бус уруудах нь ойлгомжтой боллоо. Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд дээд боловсрол эзэмшихээр суралцсан 161 мянган оюутны 71.4 хувь нь хувийн зардлаараа суралцаж, 24.6 хувь нь төрөөс ямар нэг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг авчээ. Төрөөс санхүүгийн дэмжлэг авч буй оюутны дийлэнх нь төрийн албан хаагчийн хүүхдүүд байдаг. Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд гэхэд төрийн албан хаагчийн нийт 17 мянган суралцагч төлбөрөө даалгажээ.
Чухам юунаас шалтгаалж, төрийн албан хаагчдын хүүхдийг ийнхүү гэнэтхэн нүд үзүүрлэх болов гэсэн асуултын хариултыг эрлээ. Сургалтын төрийн сангаар очиход Д.Нансалмаа дарга болон мэргэжилтнүүд нь амарчээ. Нягтлан бодогч нь ганцаараа ажиллаж байгаа юм байх. “Би энэ талаар ярилцлага өгөх хүн биш. Амралт нь дуусаад хүмүүс ажилдаа орохоор ирэхгүй юу” гэж бухимдангуй хариулав. БСШУЯ-нд очлоо. Бас л энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн амралтаа авсан, гадуур ажилтай, хөдөө ажлаар явсан, би мэдэхгүй гэдэг хариулт хангалттай сонсов. “Хүний хөгжил сан”-гаас оюутнуудын сургалтын төлбөрт хоёр жил дараалан 500 мянган төгрөг олгосон. Үүнээс шалтгаалан Сургалтын төрийн сангаас олгох тэтгэлгийг зогсоохоор болжээ. Тэгэхгүй бол оюутнууд хоёр давхар хөнгөлөлт эдлэж болохгүй хэмээн Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав тайлбарлаж байсан шүү гээд нэгэн мэргэжилтэн хэлэв. Монголын оюутны холбооноос энэ талаар тодруулахад ч дээрх шалтгааныг батлан хэлсэн юм. Төр зөвхөн төрийн албан хаагчийн хүүхдийн төлбөрийг даалаа, оюутнуудад ялгавартай хандлаа гэдэг шүүмжлэл 2000 оноос хойш өнөөг хүртэл тасраагүй. Мэдээж хэрэг, төрийн албан хаагчдад энэ нь томоохон дэмжлэг болж сургалтын төлбөрийн дарамтаас хөнгөлдөг байлаа.
Өнгөрсөн жил Төрийн албаны хуулийн тухайн заалтыг хүчингүй болгох үед оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгөх нь тодорхой байсан. Гэтэл сая төгрөгийн амлалт сонгуулиар дуусгавар болно гэдгийг эх баригчид холбогдох албан тушаалтнууд сайн мэдэж баймаар. Өөрсдийнхөө амлалтыг биелүүлэхээр яаран 500 мянган төгрөг өгч эхлэнгүүт шуудхан энэхүү цоорхойг олж хараад ийм шийдвэр гаргаж л байдаг. Энэ хичээлийн жилд оюутнуудад 500 мянган төгрөг олгохгүй гэдэг хэнд ч ойлгомжтой байсан шүү дээ. Төрөөс сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг даасныхаа хариуд оюутнуудаас “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаагаа харамласан. Дарин дээр давс гэгчээр дахиад л төрийн албан хаагчдын хүүхдүүд ийн төр засгийн ивээлд багтахаа больчихлоо. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэдэг л энэ байх даа. Хоёр жилийн өмнөөс гэнэтхэн төр засаг оюутнуудад хайр зарлаж, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг нь дааж, үндэсний тэтгэлэг, сар бүр 70.200 төгрөг олгоод эхэлсэн. Эцсийн мөчид хариугаа ингэж авах гээд л байж дээ.