Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-аас нэр дэвшигч
С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан нь бичлэгээр ил болсон. Уг
асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн байдаг. Тэгвэл уг
хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Э.Чингис хүлээн авч,
шүүх хурлыг 2017.08.07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлажээ.
Гэвч зөрчилд холбогдогч С.Ганбаатар нь “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байна. Хэдийгээр шүүх хуралдааныг хойшлуулж боловч хуулийн хугацаанд хийх ёстой учир 2017.08.09-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэжээ. Ингэхдээ зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Мөн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Б.ЧИМЭГ
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1689c8f8c