Баян хүнийг балаг тойрохгүй гэж наадмыг бут авсан ганган Х.Бадамсүрэнгийн гоёо Наадмын дараа намар гэдэг. Гэхдээ ирэх наадам хүртэл шуугиулсаар байх ганган гоёлыг Эрдэнэтийн захирал Х. Бадамсүрэн саяхан дэлгэж олныг сортойлгожээ. Унасан мориныхоо нурууг хотойлгом нүнжигтэй, цэвэр алтан бүүрэгтэй эмээлээр Эрдэнэтийн захирал мань эр Хүй долоон худагт гоёж олны нүдийг хужирлав. Ямар үнэтэйг шохоорхсон сониуч зарим нэгэнд Х. Бадамсүрэнгийн жолооч нь “энэ миний унаж байгаа Лексус-570 машинаас үнэтэй эд дээ” хэмээн саймшсан гэнэ. Үнэхээр тийм бол багаар бодоход 300 сая төгрөг хүрэхүйц лут эд бололтой. Хямралын үед төрийн мөнгөөр үнэтэй машин авлаа гэсэн дуулиан нь намжаагүй шахам байхад түүнээс ч үнэтэй алтан эмээлээр наадмын гурав хоногт гангарсан нь ёстой л нөгөө “ичдэггүй лүд юм аа” гэх шүүмжлэлийг дагуулж олны дургүйг хүргээд амжив. Төрийн компанийн хүн хэт тансаглаж болдоггүйг мань Х. Бадамсүрэн тоодоггүй нь харамсалтай. Гэнэт идэх гэдсэнд халтай л гэдэгсэн дээ.