ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний амралтыг дэлхийн хэвлэлүүд анхаарлаасаа гадуур өнгөрөөсөнгүй. Сибирийн цэвэр агаарт амарч байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч эрүүл бас хөгжилтэй харагдаж байгаа тухай хэвлэлүүд онцолжээ.
“Олон зураг дээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч 63 настай В.Путин өөрийн биеийг ил гаргаж авхуулсан нь өөрийгөө эрүүл чийрэг гэдгийг батлах гэснийх” хэмээн “The Sun” бичжээ.
“The Daily Mail”-ийн хувьд Ерөнхийлөгч цээж нүцгэн зураг авхуулах дуртай байгаа нь өөрийнхөө ард түмэнд “ Лидер чинь эрүүл, эрч хүчээр дүүрэн, хөгжилтэй байна шүү хэмээн батлахыг хүссэнийх гэжээ.
Тэгвэл “ Newsweek” тэрээр Оросын өмнөх лидерүүдээс энэ төрхөөрөө илүү ялгардаг. Мөнхөд согтуу харагддаг байсан Борис Ельцинээс тэс өөр хүн гэдгээ ард түмэндээ ийн илэрхийлсээр байгаа юм.
“ABC News” сувгийнхан Путинийг адал явдалд дуртай хүн гэсэн бол “The Sun” ОХУ-ын Ерөнхийлөгч бол байлдааны спортоор хичээллээд зогсохгүй сайн хоккейчин, усан спортоор хичээллэгч. Тиймээс ч усанд сэлж, наранд шарж амрахыг эрхэмлэдэг. Өгүүллэгийнхээ толгойд “ ОХУ-ын зэвсэгт хүчний командлагч цамцгүй загасчилж явна” хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Алс Дорнод руу явсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Түүний хэвлэлийн төлөөлөгч Песковын мэдэгдсэнээр Путин уулын нууранд загасчилж, тайгаар зугаалж, моторт завиар голоор зугаалан, ууланд явган аялсан гэнэ. Ерөнхийлөгчийг Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Тува болон Хакасын тэргүүн нар дагалдсан байна.