Н.ТҮВШИН
Хятадын Манжуур хотод уламжлал болон өнөө жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Нэг бүс-нэг зам” форумын хүрээнд болсон Олон улсын шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэн амжилттай болж өндөрллөө. Жилээс жилд Монголоос оролцогчдийн тоо нэмэгдэж байгаа энэ үзэсгэлэнг сурвалжлах үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн үйлдвэрлэл инноваци хариуцсан мэргэжилтэн Ч.Даваадорж хийгээд тус дүүргийн үйлдвэрлэгчиддтэй ярилцлаа.
-Дүүргээс энэхүү үзэсгэлэнд ямар зохион байгуулалттайгаар оролцож байна вэ?
-2016 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Манжуур хоттой хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Үүний үндсэн дээр өнгөрсөн дөрөвдүгээр сард холбогдох хэлтсийн дарга нар ирж уулзалт хийсэн. Энэ үеэр “Долоодугаар сард болох үзэсгэлэнд танай дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг оролцуулъя” гэсэн санал тавьсан байсан.
Чингэлтэй дүүргийн нэг онцлог нь хувиараа гэртээ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс зонхилдог. Тиймээс энэ Чиглэлийн хүмүүсийг нэгтгээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Манжуурын олон улсын үзэсгэлэнд оролцож байна.
-Чингэлтэй дүүргийн хувьд эдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
-Улаанбаатарт борлуулалтыг нь дэмжих зорилгоор Чингэлтэйд үйлдвэрлэв гэсэн хоёр борлуулалтын цэг ажиллаж байгаа. Цэцэг төвийн эсрэг талд Чингэлтэйд үйлдвэрлэв нэртэй бэлэг дурсгал сувинерын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Талбайн түрээсийг иргэд төлөхгүй дүүргээс төлбөрийг нь хийдэг. Хэрэв Улсын их дэлгүүрт үйлдвэрлэл эрхлэгдчид бүтээгдэхүүнээ тавихад худалдааны шимтгэл 30-35 хувийг төлдөг. Бидний зүгээс түрээсийн төлбөрийг нь дэмжээд худалдааны шимтгэлээс 10-15 хувийг авдаг. Энэ нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин болж очдог. Үүнээс гадна, ноос ноолуур, үндэсний хувцас, гутал гэсэн бүтээгдэхүүнүүдээ Алтжин бөмбөгөр худалдааны төвд есөн павилоны түрээсийн төлбөрийг нь дэмжээд дээрхтэй адил зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Алтжин бөмбөгөр худалдааны төв нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг учир биднийг дэмжин түрээсийн төлбөрийг 50 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлдэг.
-Үзэсгэлэнд оролцож буй иргэдийн зардал хаанаас гарч байгаа вэ?
-Замын зардлаа л өөрсдөө даасан. Энд ирээд байрлах буудал, хоолыг бүгд дүүргээс зардал гарган дааж байгаа.
-Үзэсгэлэнгийн эхний өдөр гэхэд борлуулалт хэр байна вэ. Мөн үзэсгэлэнд оролцогчидын сэтгэгдэл хэр байна вэ?
-Эхний өдөр учир хүн бага байна гэж байна лээ.
-Үзэсгэлэнд оролцож буй иргэд, үйлдвэрлэл эрхлэгчидийн зорилго юу вэ. Зөвхөн худалдаа наймаа хийгээд буцах уу эсвэл түнш хайж байна уу?
-Үзэсгэлэнд оролцуулж хэд хоногийн орлоготой болгох нь зорилго биш. Байнгын нийлүүлэгч, бизнесийн харилцагчтай болгох зорилготой. Гэхдээ эхний ээлжинд ямар бүтээгдэхүүн авчирч худалдаалах ёстой юм бэ гэдэгт судалгаа, тандалт хийж байна. Ингэснээр дараа жилийн үзэсгэлэнгийн үеэр ямар бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцох вэ гэдгээ мэдэж авна гэсэн үг юм.
Б.Батболд: Анх удаа Манжуурын олон улсын үзэсгэлэнд оролцож байна
Чингэлтэй дүүргээс үзэсгэлэнд оролцож буй “BG Tour” компанийн захирал профессор, Ph.D Б.Батболдтой ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар үйлдвэрлэл эрхэлдэг вэ?
-Миний нэрийг Б.Батболд гэдэг. Би зэсээр төрөл бүрийн бүтэгдээхүүн хийдэг. Найз маань чулуугаар бүтээгдэхүүн хийдэг. Бид хоёр хамтарч ажилладаг энэ үзэсгэлэнд оролцож байгаа юм. Монгол улс зэсийн талаар сурталчилгаа хийх хэрэгтэй байна. Жишээлбэл, Чили, Перу, Мексик улс зэс ихтэй. Эдгээр улс орныг ажиглахад үндэсний баялагаа дэлхийн хэмжээнд харуулдаг. Зүгээр ярьдаггүй. Би юу хэлэх гэж байна вэ гэхээр Чили зэс бол Монголтой адил анхны том таван орны нэг. Тэнд зэсээр хийсэн ордон байдаг. Гаднаас нь харахад шил нь зэс шиг их гоё өнгөтэй. Бүх зүйл нь зэс. Ороод үйлчлүүлэхээр зэс аяганд кофе хийж өгнө. Энэ бол зүгээр л сурталчилгаа.
Манай орон зэс эрдэнийн орон гэдэг шүү дээ. Төрөөс дэмжээд бусад улс орон шиг баялагаа сурталчилсан зүйл хийвэл их нэмэр болох юм.
-Манай улс зэсээр хэр их сувинер бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Харьцуулбал бага. Тухайлбал хятад зэрэг орон зэсээр олон зүйл хийдэг. Түүнээс нь санаа аваад үндэсний цоож зэргээ зэсээр хийдэг ч юм уу. Санаа хэлж байна л даа.
-Тэдгээр улс орон зэсээр бүтээгдэхүүн хийхдээ гар аргаар хийж байна уу үйлдвэрийн аргаар хийж байна уу?
-Янз бүр. Гар аргаар ч хийнэ үйлдвэрийн аргаар ч хийдэг. Өндөр хөгжилтэй оронд зэсийн үйлдвэр хөгжчихсөн байдаг.
-Та зэсээр өмнө нь олон улсын үзэсгэлэнд оролцож байв уу?
-Анх удаа Манжуурын олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Өмнө нь олон улсын үзэсгэлэнд оролцож байгаагүй.
Ч.Мягмар: Түнштэй бололгүй яахав. Захиалга их орж ирдэг
Үзэсгэлэнд оролцож байсан ахмад настан Ч.Мягмартай ярилцлаа.
-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс оролцож байна. “Сутайн гоёл” нэртэй компани. Алт, мөнгөөр гар урлал хийдэг.
-Залуу насандаа та юу хийж байсан бэ?
-Нийтийн хоолны газар нарийн боовны мэргэжилтэн байсан. 35 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.
-Энэ салбар руу яагаад оров?
-Хүүхдийнхээ компанид ажилладаг юм. Мөнгөн завьяагийн лангуунд эдгээр бүтээгдэхүүнээ зардаг юм. Охинтойгоо хамт олон улсын үзэсгэлэнгүүдээр явдаг.
-Хэр олон орны үзэсгэлэнд оролцсон бэ?
-Дандаа Хятадын олон улсын үзэсгэлэнд л оролцдог. Хаана үзэсгэлэн болно тэнд л явдаг. Гэхдээ дандаа Хятад оронд.
-Захиалга хэр орж ирдэг вэ. Түнштэй болсон уу?
-Түнштэй бололгүй яахав. Захиалга их орж ирдэг.
-Ямар бүтээгдэхүүнийг илүү их захиалдаг вэ?
-Хэт хутга, эмээл, домбо, аяга зэргийг их захиалдаг.
-Хятад хүмүүс тэгэж их захиалдаг юм уу?
-Үгүй. Голдуу Өвөрмонголчууд их захиалж авдаг.