Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Буян: Монголд Тоёота машины салон доторлогоо, суудал оёдог үйлдвэрлэл оруулах гэж байна

Н.ТҮВШИН

БНХАУ-ын баруун хойд хязгаар Манжуур хотод олон улсынхан хуран чуулж байна. Учир нь ус хотынхон Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсын Аялал жуулчлалын баяраа 16 дахиа, Олон улсын шинжлэх ухаан, техник технологийн 14 дэх үзэсгэлэнгээ зохион байгуулж байгаа юм. Үүний хажуугаар зуны турш олон арга хэмжээ тус хотод болно. Иймээс Манжуур хот олны хөлд дарагдаад байна. Өнөө жилийн үйл ажиллагаа Олон улсын шинжлэх ухаан техник технологийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм.

ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Ар байкал хязгаар улсын Засгийн газар, ОХУ-ын Буриад улс хамтран энэ удаагийн шинжлэх ухаан, техник технологийн үзэсгэлэнг зохиож байгаа аж. Жилээс жилд өргөжин тэлж байгаа тус хотын арга хэмжээнд оролцох талууд нэмэгдсээр байна. Өдгөө гурван улсын гэхээс илүүтэй олон улсын шинж чанартай болжээ. Тухайлбал, “Нэг бүс-нэг зам” форумын хүрээнд болсон Олон улсын шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэнд гэхэд 24 улс өөрийн орны шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээлийг үзүүлж байсан юм.

Үйл ажиллагааны хүрээнд зөвхөн зөвлөлдөж хуралдахаас гадна үйлдвэрлэгчид, өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг танилцуулсан үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэнд оролцогчид тэндээс түнштэй болох боломж байдаг гэж ярьж байсан юм. Гурван том хэсгээс бүрдэх үзэсгэлэнгийн заалны эхнийхэд нь ОХУ, Монгол, Зүүн өмнөд Азийн зургаан улсын шинжлэх ухааны үзэсгэлэн дэлгэгдсэн байсан. Хятадаас л гэхэд 22 мужийн байгууллага хүмүүс ирж оролцож байна. Олон улсын хэмжээнд гэвэл Герман тэргүүтэй технологийн өндөр хөгжилтэй дэлхийн 24 шинжлэх ухаан техникийн байгууллагууд үзэсгэлэн оролцож байлаа. Тэд хөдөө аж ахуй, эрчим хүч, газрын тос, барилгы чиглэлийн, эм эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг шинэ, шилдэг бүтээлүүдээ танилцуулахаар иржээ.


Манжуурын техник технологийн үзэсгэлэнгийн үеэр манай улсаар цөөнгүй үйлдвэрлэгчид оролцсоны нэг “Арьс трейд” компанийн захирал Д.Буянтай ярилцлаа.

Д.Буян: Монголд Тоёота машины салон доторлогоо, суудал оёдог үйлдвэрлэл оруулах гэж байна



-Үзэсгэлэнд хэд дэх удаагаа оролцож байна вэ. Хаанаас ямар бүтээгдэхүүн, технологитой ирэв?
-Манайх Монголын арьс ширний үйлдвэр. “Арьс трейд” компани. Манжуурын үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь Шанхайд болсон олон улсын үзэсгэлэнд оролцож байсан.

Бид шинжлэх ухааны үндэслэлтэй саарал ус гаргах, арьс ширний дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулахаар ажиллаж байгаа юм. Германчуудтай хамтарч ажиллаад саарал ус гардаг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай ISO стандартын бүтээгдэхүүн хийж ажиллахыг зорьж байна.

-Үйлдвэрийн хүчин чадал ямар байна вэ. Гадаад зах зээлд гаргаж чадаж байна уу?
-Энэ талын судалгаа болон худалдан авалтын байдлыг харахад манай Монголын арьс ширний зах зээл технологио сайжруулаад хийчихвэл бүгд экспортлогдох боломжтой. Гэхдээ үүнийг хийхийн тулд өөрсдөө технологио сайжруулах ёстой. Манай компани ирэх есдүгээр сараас эхлэн үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн хийгээд гадаадын зах зээлд гаргана. Манайхтай харилцаж, арьсыг маань авах гэж буй Арабын “DPA” мөн Японы “Toyota”, Голландын компаниуд гэхчилэн байна. Бидний боловсруулсан арьсаар Голландын дизайнер дэлхийн зах зээлд нийцэхүйц загварыг гарган бүтээгдэхүүн хийдэг. Жишээлбэл, нэг бээлий гэхэд 79 еврогийн үнэ хүрч байна.

-Арьсаа өөрсдөө сонгодог уу?
-Тэдний дизайнер Монголд ирээд монголын хоёр үйлдвэр сонгоод бидний хийсэн туршилтын арьсаар бүтээгдэхүүн хийж гаргая гэсэн. Гэтэл бид хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байна. Одоохондоо арьс боловсруулах үйлдвэрүүд маань ISO стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн REACH гэсэн стандартыг хангаж байна. Энэ стандартыг хангасан тохиолдолд манай монголын бүх арьс дэлхийн зах зээлд гарна.

Өнөөдөр бид боловсруулах технологиороо шийдчихлээ. Одоо ганцхан тоног төхөөрөмжөө сайжруулаад бүтээгдэхүүнээ хийж эхлэхэд бэлэн болчихсон байна. Технологийн шийдэл гарчихсан, зах зээл манай арьсыг хүсэж байна.

-Танай техник технологи нь аль улсынх вэ?
-Голландын штал компани, Германы ланчес компанийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн химийн материалуудыг ашиглаж байна. Монгол малын арьсыг дэлхийд “happy animals” гэдэг. Эрүүл хүнс, эрүүл хоол, эрүүл арьс гэдгээрээ түүхий эд маань дэлхийд алдартай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Reach стандартын химийн материалыг хэрэглэвэл манай арьсан бүтээгдэхүүн 100 хувь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Бид судалгааны ажил 7 жил хийсэн, худалдан авагч бэлэн. Одоо ганцхан биднээс л шалтгаалж байна.

-Үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг авахыг хүсдэг. Танай салбарт төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна?
-Монголд арьс ширний үйлдвэр гэдэг маань химийн салбарт ордог. Арьс ширний үйлдвэрт дэлхийд байдаг 1500 химийн материалаас сонголт хийж дөнгөж 40, 50-ийг л авдаг. Дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл сайн чанарын материалуудыг авах хэрэгтэй. Саарал ус гаргадаг, хромгүй, давсгүй, хүчилгүй технологийг нээчихсэн. Нөхөн үрждэг мал аж ахуйн салбараас бид маш их хэмжээний ашиг олох боломжтой. Ийм учраас төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэхээр улсын чанартай бодлогыг маш өндөр түвшинд явуулах ёстой гэж бодож байна. Эхний таван жилд цахилгааны төлбөрийг хөнгөлөх гэдэг ч юм уу. Төр айл өрхөд цахилгааны төлбөрийг хөнгөлдөг. Гэтэл үүнийхээ оронд иргэдэд ажлын байрыг нь бэлдээд сарын цалинг нь 1-1,5 сая хүртэл өсгөөд өгчих л дөө. Нөгөө талаар үйлдвэрийнхээ тог, цахилгааныг хөнгөлчих. Өндөр цалин авсан хүн сарын 100 мянган төгрөгөөр цахилгааныхаа төлбөрийг төлж чаддаг болно биз дээ.

Бид бүтээгдэхүүнээ гаргаад нийлүүлэх гэхээр арьсны үйлдвэрийг маань үзээд шууд стандартаар нь голдог. Хаалгаар орлоо барилгын стандарт, цаашаа орлоо ажилчдын стандарт, хөдөлмөр хамгааллын хувцас гээд хаалганаасаа эхлээд бид гологддог. Тиймээс Монголдоо дэлхий нийтэд гаргах нэг жишиг үйлдвэрийг улс өөрөө барих ёстой. 70 сая малтай орныхоо хувьд.

-Салбарын хувьд боловсон хүчин бэлтгэгдэж байна уу?
-1986 онд хамгийн сүүлчийн төгсөгчид болох бид байсан. Бидний үеэс хойш мэргэжлийн ажилчин гэж байхгүй. Ер нь бол энэ чиглэлээр боловсон хүчин тасарчихсан гэхэд болно. Бидний үед зөвхөн мэргэжлийн ажилчдыг бэлтгэхийн тулд Герман, Чехэд таван жилээр системтэйгээр сургадаг байлаа. Засвар, химийн материал, арьс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүнийг оёдог оёдолчинтой гэхчилэн тус бүрээр нь сургаж бэлтгэдэг байсан юм.
2000 онд Засгийн газар арьсаа зумлаж урагшаа гарга гэсэн. Энэ үеэс манай салбар Хятадын хараат дундын наймаачдын үйлдвэр болж хувирсан. Хятадууд бүх л химийн хороо Монголд хийж туул голыг их ч бохирдуулсан. Угтаа төр анхаарч байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн хэрэглэсэн усаа дахин ашигладаг байх хэрэгтэй. Одоо бид арьсыг хуурайгаар боловсруулдаг технологийн дэвшлээс хоцрохгүйг хичээн ажиллаж байна.
70 сая арьстай байна гэдэг агуу шүү дээ. Гэтэл бидний арьсны хэрэглээ дөнгөж 1,5 хувийг л эзэлж байна. Үүнийгээ бид хамгийн өндөр зэрэглэлээр өндөр үнээр зарах ёстой.

-Салбарын хувьд ажилчдын цалин хэд орчим байна?
-Монгол арьс ширээр жилдээ 160 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийдэг ч манай салбарын ажилчид 200-300 мянган төгрөгийн цалинтай л байна. Бид ажилчиддаа нэг сая төгрөгийн цалин өгдөг болмоор байна ш дээ. Энэ салбар үнэндээ хөгжихгүй байна. Хүн бүр гоё арьсан цүнх, гутал хэрэглэх дуртай ч энэ чиглэлийн үйлдвэрийг дандаа хортойгоор нь сурталчилдаг болоод удлаа.

-Цаашид хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажлаасаа хуваалцаач?
-Би өмнө нь судалгаа хөгжлийн хүрээлэнд ажиллаж байсан. Гэхдээ одоо хувийн компанид ажиллаж байгаа. Манай компани эхний гэрээгээ Японы Тоёота компанитай хийж байгаа. Доторлогооны арьс гээд туршилтын ажлыг хийж байна. Бид Монголд Тоёота машины салон доторлогоо, суудал оёдог үйлдвэрлэл оруулах гэж байна. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд бүтээгдэхүүнээ эхнээс нь гаргахаар төлөвлөж байна. Өндөр чанартай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргаад эхэлбэл ажчилчдынхаа цалинг 1-1.5 сая хүртэл өсгөх бодол байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан