Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын
811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит
бөхийн барилдаан төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат
арслан Цэдэвийн Содномдоржид шагналыг нь гардуулан өглөө.
Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Таван богд”, “Хэт моторс”,
“Мөнххада”-гаас залуу арслан Ц.Содномдоржид 2017 оны “Land cruiser 200”
маркийн машин бэлэглэв. Шинэ арслан машинаа Сүхбаатарын талбайгаас унаж
явсан юм.
Энэ жилийн баяр наадмын хүчит 512 бөхийн манлай болж Монгол Улсын
арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "МОНОС"
группийн бөх Цэдэвийн Содномдорж төв талбайн баруун хэсэгт байрлуулсан
түрүү бөхийн бай шагнал болох шив шинэ "ТОЁОТО ЛАНД КРУЕЗЭР 200" машинаа
хүлээн авлаа.
Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга бөгөөд Шадар сайд
Ухнаагийн Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга , Улаанбаатар хотын захирагч
Сундуйн Батболд болон Японы алдарт "ТОЁОТО" корпорацийн удирдлагууд
улсын арслан Ц.Содномдоржид машины түлхүүрийг хүндэтгэлтэй гардуулан
өглөө.
Монгол Улсын арслан Ц.Содномдорж машинаа хүлээн аваад "Наадамчин
олныхоо тааварт дээгүүр барилдах хүслийг биелүүлж өндөр цол хүртсэндээ
баяртай байна. Намайг үргэлж дэмжиж, сэтгэлийн тэнхээ өгч, урам
хайрладаг наадамчин олондоо баярлалаа. Цаашдаа цолоо хамгаалж, олныхоо
итгэлийг алдахгүй барилданаа" хэмээв.
Шадар сайд У.Хүрэлсүх "Баяр наадам маань ёс төртэй, тэгш сайхан боллоо.
Харцага цолноос ахисаар түрүүлж улсын арслан болсон Ц.Содномдорж сайхан
барилдаж түмэн олноо цэнгүүлсэн сайхан үйл явдал боллоо" гэв.
Нийслэлийн Засаг Дарга , Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Манай
хотын зүгээс Японы "ТОЁОТО"-той хамтран сүүлийн жилүүдэд наадмын түрүү
бөхийг шинэ машинаар байлан шагнадаг уламжлал тогтсон. Энэ жилийн
наадмын түрүү бөх улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржид бай шагналыг
нь гардуулж байгаадаа баяртай байна" гэлээ.
Ийнхүү наадамчин олны төлөөлөл ч машинаа унасан арслан Ц.Содномдоржид
баяр хүргэхээр зайгүй хошуурч байв. Зургаа татуулж гар барих гэсэн хүсэл
хүн бүхэнд байна. Гэвч түрүүлсэн арслангийн хуруу гэмтэж өвдөлттэй
байгаа тул гар барихад хүндрэлтэй байгаагаа учирлаж байлаа. Олон жил цол
ахихыг хүлээсэн түмнийхээ итгэлийг биелүүлэн улсынхаа баяр наадамд
түрүүлж арслан цол хүртсэн Ц.Содномдорж газрын тоос хүрээгүй хээ нь ч
шинээрээ дугуйтай, гар хүргэмгүй цэмцгэр машиндаа ээжийгээ суулган
хөдөллөө. Ээжий машин хоёроороо гангаралгүй ч яах вэ?