Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын
96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчинт бөхийн
барилдааны 5 даваанд тус аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын
бүргэдүүд" дэвжээний бөх, сонирхогчдын сумогийн дэлхийн аварга, спортын
олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик улсын харцага
Т.Баасанхүүгээр 5 давж улсын начин цолны болзлыг хангалаа.
Ийнхүү Баян-Өлгийчүүд хоёр наадам дараалан улсын цолтой бөхөө өлгийдөн авч байна.
Тус аймгийн бөхчүүдийн дундаас 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн
баяраар Тердикбайн Абдигажы 6 давж "улсын улам нэмэх заан" хүртсэн бол,
1949 онд Белдеубайн Хожагапан, 1954 онд Доржийн Мөнхбүрэн, 1950 онд
Доржийн Ожоон, 1951 онд Тохтарбайн Нурхадыл, 1982 онд Однайн Бахыт, 2016
онд Баатарчулууны Баатарцол нар үндэсний их баяр наадмаар одтой сайхан
барилдаж "улсын начин" цол, 2004 онд Монгол Улсын Гавьяат
тамирчин Однайн Бахыт "улсын харцага" хэмээх эрхэм хүндтэй цолыг
хүртжээ.