Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урианхай сурын харваанаас Улсын мэргэн төрлөө

Монголын Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам Урианхай сурын харваагаар өчигдөр /2017.07.07/ эхэлж, шилдэг мэргэн харваачдаа тодруулав.

Зөвхөн эрэгтэй харваачдын дунд зохион байгуулдаг уламжлалтай Урианхай сурын харваанд энэ жил 172 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Тэдний дотор Монгол Улсын мэргэн 12, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17 байсан бол 95 залуу харваач Урианхай сур харвахаар ирсэн байв.

Энэ жилийн наадмын салхийг хагалсан Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзол хангав.

Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер Ш.Батмөнх мөнгө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл хүрэл медаль хүртэж наадамчин олноо баясгалаа.

Үндэсний сурын талбайд болох наадам өнөөдөр Буриад сурын харваа, долдугаар сарын 9-нд хүүхдийн сурын харваагаар үргэлжлэн явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан