Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 онд төсвийн орлого 5.8 их наяд, зарлага 9.5 их наяд төгрөг болжээ



УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 31.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24.8 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 2.9 их наяд, авлага 4.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 5.6 их наяд, үндсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөг хэмээн тусгасан байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 7.6 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 4 их наяд, гадаад үнэт цаасных  5.4 их наяд, гадаад зээл 7 их наяд төгрөгт хүрчээ.

Төсвийн өнгөрсөн оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд, зарлага 9.5 их наяд төгрөгийн биелэлттэй гарав.
Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан гэж үзжээ.

Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 5 их наяд 58.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 1 их наяд 725.5 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 135.6 тэрбум төгрөгийг тус тус төллөө.  Гадаад төслийн зээлээр 762.6 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн  болон синдикат зээлээр 587.5 тэрбум төгрөгийг авч ашиглажээ.  Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 252.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн дүн гарав.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, 109.2 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, 95.4 хувийн биелэлттэй гарсан. Улсын төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелсэн нь төсвийн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөөг улс орны өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдуулан бууруулан тооцоолсон, түүнчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлж ажилласантай холбоотой гэв.
Улсын төсвийн зарлага 7 их наяд 394.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 355.4 тэрбум төгрөгөөр бага, өмнөх оны гүйцэтгэлээс 2 их наяд 397.3 тэрбум төгрөгөөр их гарсан байна.

Нийт зарлагын 1 их наяд 43.2 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн, 926.3 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд гаргажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 976.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ нь төлөвлөснөөс 70.7 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 627.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гүйцэтгэл гарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан