Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Батсуурь: Сонгууль эдийн засаг, компаниудын хувьцаанд шууд нөлөөлдөг

Эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг Монголын болон Монголтой холбоотой компаниудын хувьцааны үнэ ханшийн байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас Х.Баттулга нэр дэвшсэн учраас гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьцааны үнэ ханш унасан гэдэг мэдээлэл цацагдаж байна. Ер нь сонгуульд нэр дэвшигч хэн нэгнээс шалтгаалж ийм үйл явц гардаг уу. Эдийн засагч хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны үнэ тухайн улс орны улс төрийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг хэлж буй юм. Тэгэхээр сонгууль бол улс төрийн том үйл явдал. Төр барьж буй намыг өөрчлөх учраас Монголд хөрөнгө оруулсан компаниуд үүнд анхаарал хандуулах нь гарцаагүй байдаг. Ялангуяа, манай улсын эдийн засагт улс төрийн нөхцөл байдал хүчтэй нөлөөлдөг. Ийм учраас хэн нэгэн нэр дэвшигчээс болж хувьцааны үнэ ханш унана гэдэг нь ор үндэсгүй худал яриа. Эдийн засагч хүний хувьд 2012, 2016 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж байгаа компаниудын хувьцааны хэлбэлзэлийг судалж үзсэн. Тэгэхэд өмнөх хоёр сонгууль, одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн хувьцааны хэлбэлзэл ойролцоо нэг их хол зөрүүгүй байна. Харин ч энэ удаа харьцангуй тогтвортой байна гэж үзэж болно. Иймд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, С.Ганбаатар нараас болж гадаадын хөрөнгийн бирж дээр монголтой холбоотой компаниудын хувьцааны үнэ ханш унаж байна гэдэг нь ор үндэсгүй улс төржүүлэх гэж ядсан цуурхал. Өнгөрсөн сонгуулиудыг харвал сонгуулийн үеэр бага зэрэг буурч л байсан. Гэвч  сонгууль өнгөрөөд л хувьцааны үнэ ханш нь өсч ирсэн юм. Өнөөдөр сонгуулийн үеэр жаахан буурлаа. Эхний ээлжинд сонгуулийн санал хураалт болсон. Гэвч компаниудын хувьцааны үнэ ханш өсөхгүй байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусаагүйтэй холбоотой. Хоёр дахь шатны санал хураалт болно гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэж учраас хувьцааны ханшийн хэлбэлзэл нь тогтворжихгүй байгаа юм. Тэгэхээр олон улсын хөрөнгө санхүүгийн зээлийн үйл явц хувь хүнээс огт хамаардаггүй. Улс төрийн тогтвортой байдал шууд нөлөөлдөг гэдгийг харуулж буй явдал.

-Тэгэхээр компаниудын хувьцааны үнийн хэлбэлзэл сонгууль дуустал үргэлжилнэ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Миний харж байгаагаар 7 сарын 07 хүртэл үргэлжилэх төлөвтэй. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болно. Тэгээд монголчууд Ерөнхийлөгчөө сонгож чадвал компаниудын хувьцаа эргээд хэвийн байдалдаа ороод явна. Харин энэ санал хураалтаар Ерөнхийлөгч сонгогдохгүй цааш сунжирвал Монголын эдийн засаг газардаж, элгээрээ хэвтэнэ. Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниуд шалдаа бууна. Энэ бол Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос ямар ч хамааралгүй. Сонгууль, сонгууль гээд улс төр нь тогтворжихгүй яваад байхаас хамаг зүйл шалтгаалдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг буруугаар улс төрийн ашиг хонжоо харж хэн нэгэн хүнийг гүтгэх зэвсэг болгон  тайлбарлах нь үнэхээр увайгүй явдал юм.

-Тэгвэл ийм буруу тайлбар улс орны эдийн засагт ямар хор хохирол авч ирэх вэ?

-Сонгууль удаашрах, эрх баригчдын буруу ташаа мэдээлэл хийх явдал улс орны эдийн засаг, компаниудын хувьцаанд эмзэг тусч том цохилт болдог жамтай. Сонгууль сунжирах тусам дээрх компаниудыг дампууралд хүргэх магадлал өндөр юм.

-Ер нь гадаадын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьцааны үнэ ханшийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалдаг Монголын болон монголтой холбоотой компаниудын хувьцааны үнэ ханш хэлбэлзэлтэй байна. Энэ сонгуулийн үеэр гарсан хувьцааны хэлбэлзэлийг 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үеийнхтэй харьцуулж үзлээ. Тэгэхэд хэлбэлзэл нь ойролцоо  гайгүй талдаа байгаа юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компани олон биш. Би шалгаж үзсэн. Жишээ нь Оюу толгойг эзэмшигчийн нэг “Туркойз Хилл” компанийн хувьцааг шалгаж үзэхэд өөрчлөлт гарсангүй. Хэвэндээ байна гэж хэлж болно. Энэ компанийн хувьцаа Канад, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж байгаа. Мөн Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг “Занаду майнз”, “Аспайр майнинг”  гэж хоёр компани бий. Эдгээр компанийн хувьцааны хэлбэлзэлийг мөн шалгахад бага зэрэг буурсан байна. Бас “ММС” компанийн хувьцаа Хонгконгийн хөрөнгийн биржээр арилжаалагддаг. Хувьцааны ханш нь хэлбэлзсэн. Гэхдээ сүйдтэй зүйл ажиглагдаагүй.

-Тэгэхээр УИХ-ын сонгуулийн үеэр компаниудын  хувьцааны ханшийн хэлбэлзлийг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн үетэй харьцуулсан жишээ байна уу?

-Компани боргон дээр өөр өөр л дөө. Тухайлбал, “Занаду Майнз”  компанийн  хувьцааны ханшийг 2016 оны 6 сарын 01-26-ий өдөр хүртэл аваад үзье. Тухайн үед нэгж хувьцааны дундаж үнэ 0.21 австрал доллар байсан. Сонгуулийн дараа 0.23-0.26 гээд өссөн байдаг. Харин энэ жил 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн л дунджаар 0.21 австрал доллар байсан. Өнөөдөр  сонгуулийн санал хураалт дууссан ч Ерөнхийлөгч сонгогдоогүй цаашид сонгууль үргэлжлэх учраас хувьцааны үнэ ханш нь өмнөх сонгуулийн жил шигээ хуучин хэвэндээ ороогүй байна.  Өнөөдөр нэгж хувьцааны үнэ 0.18 австрал доллар хүрч буусан байгаа юм.

-Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ компаниудын хувьцаанд бас нөлөөлөх нь гарцаагүй. Түүхий эдийн үнэ ямар байгаа вэ?

-Түүхий эдийн үнэ өсөх тусам компаниудын хувьцааны ханш нэмэгдэх эерэг мэдээлэл болдог. Одоогоор дэлхийн зар зээлд түүхий эдийн үнэ ханш харьцангуй сайн байгаа тул компаниудын хувьцааны хэлбэлзэл тогтвортой байх нэг үндэс болж байна. Дахин хэлхэд компаниудын үнэ ханшид хамгийн их сөргөөр нөлөөлж буй зүйл нь улс төрийн тогтворгүй байдал, сонгууль сунижрч байгаа асуудал юм.

-Сонгууль гэснээс нийгмийн сүлжээгээр  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Тэгэхдээ аль ч нэр дэвшигчид санал өгөхгүй. Надад таалагдахгүй байгаа учраас цагаан хуудас уншуулна. Энэ бол миний сонголт гэсэн зүйл их ярих боллоо. Монгол Улсын иргэн, эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг талаасаа хувь хүний сонголт л байх. Гэвч энэ бол маш буруу. Эдийн засгийг туйлдуулаад зогсохгүй Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулахүйц үр дагвартай зүйл болно. Цагаан хуудас уншуулна гэдэг нь цагаан тугаа бариад бууж өгөе гэсэнтэй адил. Монголчууд төрийнхөө тэргүүнийг сонгох гэхэд түүнийг үгүйсгэж улс төрийн зорилгоор, улс орондоо ашиггүй байдлаар санал өгөх нь туйлын буруу гэж бодож байна. Монгол Улс төрийн тэргүүнгүй удаж болохгүй. Өмнөх төрийн тэргүүн солигдох ёстой. Гарцаагүй солигдох эрх зүйн, ёс зүйн үндэс шаардлага байгаа юм. Ийм учраас би сонгуульдаа идвэхтэй оролцож Монгол Улсын үндэсний эрх ашгийг хамгаалах, Монголоо гэсэн сэтгэлтэй төрийн тэргүүнийг сонгох учиртай гэсэн бодолтой явдаг хүн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан