Монгол, Оросын төв банкуудын хоёр удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатарт эхэллээ. Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбарын хамтын ажиллагаа, ОХУ-ын банкны салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагаа, Монголбанкнаас баримталж буй мөнгөний бодлого, хоёр орны хоорондын худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүнээс гадна хоёр орны арилжааны банкууд уулзалт зохион байгуулах аж.
Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Оросын төв банкны дэд ерөнхийлөгч А.П.Торшина, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон албаны хүмүүс оролцож байгаа юм.
Анхдугаар уулзалт нь 2016 онд Санктпетрбург хотноо болжээ. Энэ үеэр хоёр орны төв банк “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах, арилжааны банкуудын хамтын ажиллагааг дэмжих, банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох талаар байр сууриа илэрхийлсэн байдаг.
О.Орхон: Банкуудын хамтын ажиллагаа бүрэн хүчин чадалдаа хүрч чадахгүй байна
Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоноос Монгол, Оросын арилжааны банкуудын хамтын ажиллагааны талаар тодрууллаа.
-Монгол, Оросын арилжааны банкуудын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Манай банк одоогоор Оросын томоохон банкуудтай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхдээ банк хоорондын хадгаламж, төлбөр тооцоо, валютын арилжаа хийдэг. Сүүлийн үед Оросоос Монголд экспортын, Монголоос импортын санхүүжилт авах талаар ажиллаж байна. ОХУ-ын төрийн өмчит Экспорт Импортын банк, мөн оросын экспортын даатгалын байгууллагатай хамтарч бид экспортын даатгалыг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар ажиллаж байгаа. Хоёр улсын хоорондох худалдаа сүүлийн үед өсөлт бага байна. Үүнд хоёр улсын валютын ханш бас нөлөөлж байгаа гэж хэлж болно. Ерөнхийдөө нефтийн бүтээгдэхүүнээс бусад худалдаа бага түвшинд байгаа. Иймд банкуудын хамтын ажиллагаа бүрэн хүчин чадалдаа хүрч чадахгүй байгаа юм. Уг нь 1997 оноос хойш хоёр улсын арилжааны банкууд хамтран ажиллаж эхэлсэн. Монголтой гол харилцагч нь Оросын Сибирь банк, Гадаад худалдааны банк, Оросын хөдөө аж ахуйн банкууд.
-Хоёр улсын төв банкны уулзалтаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?
-Энэ уулзалт хоёр дахь удаагийнх. Хоёр төв банк туршлага солилцох талаар түлхүү ажиллах байх. Гол нь банкууд бие биендээ итгэх, эрсдэлийн үнэлгээнд харгалзаж үзэх, олон улсын найрамдалт харилцаа, гадаад худалдаанд илүү нягт хамтран ажиллах шаардлага бий. Жишээ нь Хятадын банкууд маш их идвэхтэй ажиллаж байгаа. Ялангуяа хоёр улсын валютаар шууд төлбөр тооцоо хийх нь чухал. Хятадын банкууд төгрөгөөр төлбөр тооцоо хийх талаар анхаарал тавин ажиллах болсон. Гэтэл ОХУ-ын банкуудын зүгээс ийм санаачлага дутмаг байгаа. Тэгэхээр энэ талаар өнөөдөр сайн ярилцах байх гэж бодож байна.
-Оросын болон олон улсын санхүүгийн зах зээлд манай Засгийн газрын болон хувийн компаниудын гаргасан бонд, хувьцааны үнэ ханш унах боллоо. Үүний шалтгааныг та эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна вэ?
-ОХУ-ын Хөрөнгийн бирж дээр монгол компани хувьцаа арилжаагүй. Олон улсын бирж дээрх компаниудын хувьцаа түүхий эдийн үнэ, бизнесийнх нь үйл ажиллагаа, Монгол Улсын рейтинг, эдийн засгийн байдлаас шалтгаалж нэлээд унасан байдалтай байна.
Ж.Ганбаатар: Гадаад валютын арилжаа, худалдааны санхүүжилтээс гадна олон төрлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ
Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар Монгол, Оросын банкуудын хамтын ажиллагааны талаар ийнхүү ярилаа.
-Хоёр улсын төв банкуудын энэ удаагийн уулзалтаар ямар ямар асуудлыг ярилцаж байна вэ?
-Энэ удаагийн уулзалтын гол агуулга нь хоёр улсын төв болон арилжааны банкуудын үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэхэд оршино. Үүний хүрээнд хоёр улсын хооронд хийж байгаа төлбөр тооцоо, гадаад валютын арилжаа, худалдааны санхүүжилт гээд олон төрлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх асуудлыг ярьж байна. Тэгээд тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.
-Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл хийж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатанд байна вэ?
-Хоёр улсын хоорондох төлбөр тооцоо, гадаад худалдааны санхүүжилтын асуудал л ярьж байгаа.
-Арилжааны банкуудын хамтын ажиллагаа ямар хэмжээнд байгаа вэ?
-Хамтарсан үйл ажиллагаа аажим аажимаар сайжирч байна. Хамтран ажиллах банкууд цаашид нэмэгдэх байх. Арилжааны банкуудаас гадна Хөгжлийн банк Оросын банкуудтай хамтран ажиллах талаар ярилцаж байгаа.
-Оросын талаас Монголд банк байгуулах сонирхол байгаа юу?
-Монголбанкинд одоогоор банк байгуулахаар хандсан хүсэлт алга.
-Монгол, Оросын худалдааны эргэлт муу байна гэдэг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нефтийн бүтээгдэхүүний худалдаа голчилдог. Ерөнхийдөө нэмэгдэж бага зэрэг нэмэгдэж байгаа. Үүнд хил нээлттэй болж харилцан визгүй зорчдог болсоноос хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны хувь хэмжээ аажим нэмэгдэж байна.