Зуны ХХХ буюу Лондонгийн олимп эхлэхэд дөрөв хоногийн хугацаа үлджээ. Манай улсын хувьд нийт 29 тамирчин олимпын наадамд хүч үзэх болж тамирчдын түрүүч нь тус хотыг зорьсон. Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчид Лондонгийн олимпод эмэгтэй бүтэн багаараа буюу 48кг, 55кг, 63кг, 72 кг-д, эрэгтэйчүүдийн 55кг, 74кг, 84кг, 120кг-д олимпын эрх хүртсэн. Шигшээ багийн тамирчид Найрамдал зусланд зургаан шинэхэн дэвжээ бүхий спорт төвд бэлтгэлээ базааж байгаа. Манай сурвалжлах баг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодномтой ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа маш хариуцлагатай цаг үе ирэхх гэж байна. Чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр сайн хангагдаж байна вэ?
-Бэлтгэл сургуулилт сайн, хэвийн байна. Дөрвөн жилийн хугацаанд бэлдсэн бэлтгэл сургуулилтынхаа үр шимийг харах, шалгуулах торгон үе ирж байна даа.
-Шигшээ багийн тамирчид хэзээ эх орноосоо мордох вэ. Болгар улсад тав хоног саатаад, цаашаа Лондонг зорино гэж сонссон?
-Энэ сарын сүүлээр явна. Лондонгийн цаг агаар, цагийн зөрүү нь ойролцоо учраас Болгар улсад тав хонох болсон. Түүний дараа олимпын нийслэл Лондонг зорино.
-Бэлтгэл сургуулилтыг ажиглахад Япон улсаас ирсэн эмч сувилагч харагдаж байна билээ?
-Холбооны үйл ажиллагаатай л салшгүй холбоотой. Бид аль болох л боломжтой нөхцөл байдал юу байна, түүнийг судалж хичээж ажиллаж байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олон улсын төвшинд бэлтгэл сургуулилтаа хангаж чадаж байгаа. Дагвадорж аварга маань Япон улсаас эдгээр илээч нарыг тамирчидтай ажиллуулахаар авчирсан юм. Тамирчдын тохой, өвдөг барих нарийн мэргэжлийн илээч нар. Манай илээч бариачид ч гэсэн эднээс суралцах зүйлээ суралцаад л туршлага солилцоод ажиллаж байгаа.
-Бэтгэлийн шинэхэн заал танхимтай болсон нь үнэхээр цаг үеэ олсон алхам болж?
-Манай чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хорооноос хамтраад хичээж байна. Бидний хүсч хүлээж байсан бэлтгэлийн төв. Манай холбооноос гадна энэ төвийг барихад олон хүний сэтгэлийн дэм орсон юм. Гар бие оролцоогүй хүн цөөхөн байх шүү. Бүгд л нэг санаа зорилгод нэгдэж чадсан.
-Олимпод оролцох бэлтгэл сургуулилтыг нь хангах тамирчдаас гадна бусад спорт хороодын тамирчид ч бэлтгэл хийж байна. Дараагийн Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид мөн энд байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Олимпын бэлтгэлд гарна гэдэг тамирчин хүнд маш том алхам. Хэчнээн өөрөө олимпод оролцохгүй ч гэсэн цуг бэлтгэл сургуулилтаа хангаж, ур чадвар, хүчний бэлтгэлийн хувьд ч сайжирч байна.
-Эмэгтэй шигшээ багийн хувьд бүтэн багаараа буюу дөрвөн жинд олимпын наадамд оролцоно. Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн манай тамирчдаас бусад орны тамирчид эмээж, нөгөө талаар манайхан илүү их хариуцлага үүрч байна?
-Шигшээ багийнхан маань дор бүрнээ үүргээ ухамсарлаж явах хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй тамирчид гэлтгүй эрчүүд ч ялгаагүй.
-Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн сонгон шалгаруулалт жаахан асуудалтай болсон хэмээн гадуур яригдсан байна?
-Олимпын эрх чинь тухайн улсад өгсөн эрх. Тиймдээ ч сонгон шалгаруулалт явж шийдсэн асуудал. ОХУ ч гэсэн 63 кг-ын тамирчдадаа мөн л сонгон шалгаруулалт явуулж саяхан шийдсэн байна билээ. Нэгэнт гарсан шийдвэрийг хэтэрхий асуудал болгох нь дэмий санагдах юм.
-Лондонгийн олимпод оролцож буй цөөн хэдэн тамирчны нас нь нэлээн явчихлаа. Эдгээр тамирчны дараагийн үеийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Жин болгонд залуучууд хүч түрэн гарч ирж байна. Цугларалтын төвтэй болсон гол зорилго маань энэ шүү дээ . Тэдний амжилт наашлах болно. Хамгийн гол нь залуу үеэ л бэлтгэх хэрэгтэй.
-Манай улсад “Mongolian open” цомын тэмцээн болсон нь тамирчдад ихээхэн дөхөм болж байх шиг. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдын ур чадварт ихээхэн нөлөөлдөг гэж сонссон?
-Тэгэлгүй яахав. Хэдий олон тэмцээнд оролцоно, тэр хэрээр тамирчдын ур чадвар дээшилдэг. Чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэж буй хүүхэд залуусаа аль болох л олон улсын тэмцээн уралдаанд олноор хамруулж байх хэрэгтэй.