Австралийн олимпын хороо долоо хоногийн дараа эхлэх Лондонгийн зуны ХХХ олимпын дүнгийн талаар гаргасан урьдчилсан таамагтаа Оросын шигшээ баг энэ жил тэргүүлнэ гэж гаргасныг Reuters агентлаг мэдээлсэн байна.
Австралийн мэргэжилтнүүдийн таамгаар Оросын тамирчид энэ наадмаас 97 медаль авч тэргүүлэх бол АНУ-ын шигшээ баг 94, Хятадын олимпын баг 93 медаль авна гэнэ. Австралийн шинжээчид энэ дүнг 2010 онд болсон дэлхийн аварга шалгаруулах болон дэлхийн цомын төлөөх болон бусад томоохон тэмцээний дүнг үндэслэн гаргажээ. Энэ таамгаар дэвжээний эзэн Их Британийн тамирчид 49 медаль хүртэж дөрөвдүгээр байрт шалгарах бол дараа нь германы баг 47, францчууд 45, японы баг 43, австраличууд 42 медаль авах гэнэ.
2008 онд Бээжинд болсон олимпоор хятадууд хамгийн олон буюу нийтдээ 100 медаль хүртсэний 51 нь алтан медаль байсан юм.
Р.НАДАЛ ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХГҮЙ
“Лондон 2012” олимпын наадам хаяанд тулсан энэ үед дэлхийн топ зэрэглэлийн тамирчид бэртэл гэмтлийн улмаас оролцож чадахгүй боллоо гэдгээ илэрхийлсээр байна.
Дэлхийд чансаагаараа гуравт жагсч буй алдарт теннисчин Рафаэл Надал энэ удаагийн олимпт оролцож чадахгүй болсноо албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэрээр Испани улсын тугч байх ёстой ч хуучин бэртэл нь сэдэрсний улмаас ийнхүү мэдэгдэл хийхэд хүрсэн байна. Түүний эзгүйд Р. Федерэр дэлхийн чансааг тэргүүлэх сайхан боломж гараад байна.
ЭНДИ ШЛЕК ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ
Дугуйн ертөнцөд ойрын хэдэн жилийн турш ноёрхоно хэмээн тааварлаж байсан хүчирхэг бүрэлдэхүүн, авьяаслаг менежертэй “Валадо Шаки Ниссан Треак” баг саяхан мэндэлсэн билээ. Тэгвэл тус багийн гол тамирчин Энди Шлек “Тур Де Франц” уралдааны үеэр допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
Энди Шлек өнгөрсөн жилийн уралдаанд хоёрдугаар байранд орж, шилдэг залуу тамирчны цагаан өмсгөл өмсч байсан нэгэн. Түүнээс авсан шинжилгээний тодорхойлолтод дэлхийн допингийн эсрэг агентлагийн жагсаалтад байдаг хориотой “Клеэн Бутирол” хэмээх бодис илэрчээ. Энэ нь булчинг томруулж, цусны даралт, анхаарал хандуулах чадамж зэрэгт нөлөөлдөг ажээ. Өмнө нь Хятад улсын дугуйчин Лью Хью болон Алберта Кантадар нараас энэ бодис илэрсэн удаатай. Харин Шлек өөрөө шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шалтгааныг нь хоол хүнстэй холбож тайлбарлажээ.