Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ

Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнөөдөр Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эхэлж байна. 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн дээрх олон улсын тэмцээнийг Монголын боксын холбоо өнгөрсөн жилээс “Улаанбаатар цом” нэртэйгээр дахин зохион байгуулж эхэлсэн юм. Өнгөрсөн жил таван орны тамирчид ирж оролцож байсан бол энэ жил есөн орны боксчид манай улсад ирээд байна.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ, Монгол орны 121 боксчин аваргын төлөө өрсөлдөх бөгөөд манай улс зохион байгуулагчийнхаа давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийтдээ 40 тамирчин оролцуулахаар болсон байна. Гэхдээ олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, “Рио 2016” олимпын наадмын тавдугаар байрт шалгарсан ОУХМ Э.Цэндбаатар нар орохгүй гэдгийг Монголын боксын холбооноос мэдэгдсэн. 

Энэ сарын 25 хүртэл Хандгайт дахь "Их Тамир" спорт цогцолборт үргэлжлэх тэмцээнийг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд Спортын төв ордоноос тэмцээн болж буй спорт цогцолбор хүртэл 12:00, 13:00, 14:00 цагт автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө Монголын боксын холбоо Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан