Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төгрөг гэдэг мөнгөний тоо хэвлэсэн зүгээр нэг өнгөт цаас биш


Мөнгө гэдэг хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөх хүчтэй зэвсэг. Ийм болохоор ямар ч цаг үед хүн төрөлхтний адын  хүслийн нэг нь мөнгө байсаар ирсэн.   Хүн болгон мөнгө олж, юугаар ч дутахгүй сайхан амьдрах гэсэндээ эцэж ядрахыг ч үл анзааран шоргоолж шиг ажиллана.
Бас хажуугаар нь амар, хялбар аргаар амархан баяжих, хөлс хүчээ урсгаж олсон хэдийгээ хурдан үржүүлэх хүсэл, сүсэг бишрэлд автаж, элдэв дом, ид шидэд итгэж янз бүрийн л арга чарга хайж мөнгө олохын тулд мөнгөөр өргөл өргөхөө ч мартахгүй.

Хамгийн гол нь дусал хөлсний үнэ цэнийг илэрхийлж буй төгрөгтэйгээ бид хэр хүндэтгэлтэй харьцдаг билээ. Бодох л асуудал. Гар дээрх хэдэн төгрөгөө нугалаад халаасалдаг билүү. Эсвэл түрийвчинд дэвсгэрт, дэвсгэртээр  нь толгойлж нямбайлан хийдэг билүү. Уг нь мөнгө дуудах домын аргаас илүү мөнгөтэй эелдэг зөөлөн хүндэтгэлтэй харьцвал үржиж, хөгжиж эргээд ирдэг гэдэг дээ.

Эдүгээ хүн бүр амарч зугаалж, аялж байгалийн сайхныг биширдэг зуны зугаатай цаг ирж байна. Хэн хүнгүй л өвлийн алжаал, утаа тоосны хор, бухимдлаа тайлахыг хичээж хөдөө орон нутагт аялж, амрахаар хүлгийн жолоо залахыг бодно.
Өнөө л өвөлдөө гэр бүлээрээ хурааж цуглуулсан хэдэн бор төгрөгөө халаасалж хармаалаад явцгаана.

Гэрээс гарахдаа хэрдээ л бийлэгжүү болоод ч тэр үү, хэдэн цаасаа том түрийвчинд нямбай хийгээд гардаг. Зам зуур таарсан хоол цайны газар, дэлгүүр мухлагийн хариулж өгсөн мөнгө ихэнхдээ л халаасанд орж, тэндээ үрчийж нугаларна. Эдгээрийн бага дэвсгэртүүд хаачдаг билээ. Та нэг анзаараад үзээрэй. Замд таарах нэрийг нь мэдэх мэдэхгүй олон даваа гүвээн дээрх овоон дээр л байх бий вий.

Монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, аян замаа өлзийтэй байлгахын тулд хүний өөрийн нутгийн уул хайрхныг дээдэлж овоо босгох нь элбэг. Монгол Улсад өнөөдөр гүйлгээнд байгаа 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүд энэ овоонууд дээр, түүний эргэн тойронд хэчнээн удаж буйгаа илтгээд онгож гандаад, хатаж үрчийгээд хэвтэж байдаг.

 Мөн эрээн цаастай чихэр, боов, архины шил, ундаа усны сав энэ тэрүүгээр хөглөрч ялзарч муудсан хүнсний эхүүн үнэр хамрын үзүүрт сэнхийнэ. Ийм дүр зураг зам дагуу болон олон хүн очдог  овоо бүрт бий. Гэхдээ овоо тахилга тойрсон хогийг орон нутаг нь цэвэрлэж, хогоо хогийн саванд хийх анхааруулга тавьсан газар ч олон.

Харин овоонд өргөсөн мөнгө, төгрөг нь хэвээр үлдсэн дүр зураг байдаг. Тэгэхээр орон нутгаас хүмүүс томилоод овооны мөнгийг цуглуулж гүйлгээнд оруулаасай. Ядахад сум орон нутгийнхаа сүм хийд, буян өглөгийн газар өгчихөөсэй гэж бодогддог.

Бүр онгож гандсан, ашиглах боломжгүйг нь банк санхүүгийн байгууллагад өгч данслаад устгаж болдоггүй л юм байх даа. Ер нь Монголын овоо тахилгад өргөсөн бүх мөнгийг нэгдсэн журмаар цуглуулж тоолоод үзвэл хэдэн төгрөг болох бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

Монгол хүн л юм чинь аян зам, алс ирээдүй, аж амьдралаа даатгаад овоо тахилгад сүсэглэн мөргөж өргөл өргөлгүй л яахав. Гэхдээ байгаль дэлхий, нутаг ус, сүсэг бишрэлээ хүндэлээд ямар зүйлээр өргөл өргөхөө бодох цаг бидэнд иржээ. Өөрөөр хэлбэл улсын эдийн засагт хохирол, сүсэглэн биширч буй эх нутагтаа хог, хор уршиг болохгүй цагаан идээний дээж сүү, будаагаа л өргөх нь зүйтэй санагдана.

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг “Сүүлийн үед манай газраас бага мөнгөн дэвсгэрт боодол, боодлоор нь авах хүсэлт их тавих болсон. Та юунд хэрэглэх гэж байгаа юм бэх гэхэд байшингийн суурьт хийнэ, шашны зан үйлд ашиглана  гэдэг. Энэ бол буруу. Төгрөг нь үндэстний үнэт  зүйлийн хувьд зөвхөн төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл.  

Төгрөгийг бүтээх, үйлдвэрлэх,  гүйлгээнд гаргах,  тасралтгүй найдвартай хангах явц тийм ч хямд, хялбар биш.  Мөнгийг ариг гамгүй хэрэглэх бүрт нэг төгрөгийн төлөө нэлээд хэдэн төгрөг зарлагадаж байдаг юм. Мөнгө бүтэх, устгагдах хүртэлх үе шат бүрт өндөр өртөг, асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардагддаг” хэмээн “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяны нээлтийн үеэр хэлж байлаа.

Нээрээ мөнгийн чинь бас л мөнгө зарж байж хэвлүүлдэг, тээвэрлэдэг, тэр бүү хэл муудаж хэрэгцээнээс гарсныг нь ч бас л мөнгө зарж байж устгадаг.

Скочоор наасан, урагдаж тасарсан, муудаж ноолорсон төгрөг таны гар дээр өдөр бүр ирдэг гэхэд хэтийдэхгүй. Баримт бий. Монголбанкнаас гүйлгээнд эргэлдэж байгаа бэлэн мөнгөний чанар ерөнхийдөө муудсан. Тодруулбал, хуучирч үнгэгдсэн, өнгө зүс алдсан, хиртсэн, урагдсан мөнгөн дэвсгэрт улам олширлоо хэмээж буй. Мөн   нэг багцад байгаа 3 дэвсгэрт тутмын нэг нь скочоор наасан, эсвэл хамгаалалтын элемент нь арилж гүйлгээний шаардлага хангахгүй байгаа нь  эмгэнэлтэй.

Өнөөдөр 1, 5, 10, 20 төгрөгийн дэвсгэрт нууцлалгүй болсон. Учир нь уг дэвсгэртийн худалдан авах чадвар бараг 0 болсон байна. Үүнийг гэр хорооллын иргэд усны мөнгө хэмээн нэрлээд удаж байгаа. Гэтэл гэр хорооллын ус түгээх байр, худгуудад ухаалаг систем нэвтэрч 24 цагийн турш карт уншуулж үйлчилж эхэлсэн.

Нөгөө талаар дээрх бага дэвсгэртүүдийг үйлдвэрлэх зардал өөрийнх нь нэрлэсэн өртөгөөс  хэд дахин өндөр болжээ. Тэгэхээр эдгээр дэвсгэртийн хувь заяа ёстой л “хутганы ирэн дээр байна” гэсэн үг. Энэ хэрээр бидний гар дээрх хэдэн төгрөгийн үнэ цэнэ буурсаар байна.     

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газраас хамгийн сүүлд хийсэн  судалгаагаар төгрөгийн нэг дэвсгэрт дунджаар хэрэглээнд   3.8 жил болж байна. Өөрөөр хэлбэл шинээр хэвлэгдсэн төгрөг энэ хугацаанд л эдийн засгийн үр өгөөжөө өгдөг гэсэн үг. Судалгаанаас үзэхэд хамгийн богино настай нь 1000-тын дэвсгэрт. Ердөө л 2.6 жил болоод гүйлгээнээс гардаг байна.  

Харин   10, 20 мянгатын  дэвсгэртүүд гүйлгээнд   5.6 жил үүрэг гүйцэтгэдэг гэнэ.   Бусад дэвсгэртүүд нь дээрх хоёр хязгаарын дунд буюу 3-5 жил ашиглагддаг.

Энэ бүхэн юунаас болж байна аа.....ердөө л та бидний мөнгөтэй харьцах соёл дутмагтай холбоотой.

Мөнгөтэй харьцах соёл гэдэгт хувь хүн бүр мөнгөн дэвсгэртийг аль болох нугалахгүй хадгалах түрийвч ашигладаг байхаас эхэлнэ. Үүний дараагийн шатанд нь манай худалдаа эрхлэгчдийн мөнгөтэй харьцах соёл дутмагтай бас холбоотой. Зах дээр наймаа хийгчид, кассын машингүй жижиг цайна газар, түргэн үйлчилгээний цэгүүдэд мөнгөө ихэвчлэн цаасан хайрцаг, сайндаа л ширээний шургуулга төдийд хийчихдэг явдал түгээмэл.

Уг нь муудсан, хүчингүй болсон мөнгөн дэвсгэрт бүрийн ард таны төлсөн татвар, хөдөлмөрийн үр шим бий  гэдгийг хэн хүнгүй ямагт санаж баймаар.   Та бидний хэн маань ч гэсэн төгрөг, мөнгөн дэвсгэрттэй зөв харьцаж, зөв хадгалж чадвал мөнгөн дэвсгэртийн гүйлгээнд эргэлдэх хугацаа бага ч болов уртасч тэр хэрээрээ улсын сангаас, тэр хэрээрээ таны халааснаас гарах зардал хумигдахсан.

Төгрөг, мөнгөн дэвсгэрт гэдэг та  бидний өдөр тутмын хэрэглээ боловч Монгол Улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын билэгдэл.

Тэгэхээр төгрөгөө түрийвчилж занших, жижиг дэвсгэрт гэлтгүй шашны зан үйл, уул овоонд өргөхгүй хүндэтгэлтэй хандаж байвал танд хариу нь ирж мөнгө тань өсөн үржиж, мөрөөдөл тань биелнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Чухамдаа хөдөлмөрийнхөө дусал хөлсний үнэ цэнийг мэдэрч чаддаг хүнд амжилт ирдэг биш бил үү.

Төгрөг бол төв банкнаас тараадаг их бага тоотой  зүгээр нэг өнгөт цаас биш, таны, бүр цаашлаад бүрэн эрхт Монгол Улсын  эдийн засаг, тусгаар тогтнол, санхүүгийн эрх чөлөөний баталгаа билээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан