Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулиудын бүртгэлийн хуваарь

ЭЕШ өчигдөр өндөрлөж, өнөөдрөөс их, дээд сургуулиуд элсэгчдээ бүртгэж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байна. Энэ жилийн хувьд их, дээд сургуулиуд өнгөрсөн жилүүдийн адилаар цахимаар бүртгэх нь. Ингээд төрийн өмчийн их сургуулиуд хэзээнээс эхэлж элэсгчдээ бүртгэх, ямар шаардлагууд тавьж байгааг тоймлон хүргэе.

МУИС-ийн бүртгэл маргааш эхэлнэ


МУИС 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн ангид элсэн орох элсэгчдээ маргаашнаас орон даяар онлайн хэлбэрээр буюу http://burtgel.num.edu.mn/  хаягаар бүртгэж эхлэх юм байна. Ирэх сарын 3-ны өдрийн 12:00 цагт бүртгэл дуусах бөгөөд энэ хичээлийн жилд
•    Шинжлэх ухааны сургууль
•    Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
•    Бизнесийн сургууль
•    Хууль зүйн сургууль
•    Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
•    Завхан сургууль
•    Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авах нь.
Хэрвээ бүртгүүлэгч хүсвэл хэдэн ч сургуульд бүртгүүлж болох аж. Харин тус сургууль “Оюутан элсүүлэх журам”-даа босго оноо гэж заагаагүй байна. Зөвхөн “Бүрэлдэхүүн, салбар сургуулийн оноогоор жагсаах жагсаалт, онооны харьцаа”-г хэрхэн хувилж бодох, суурь болон дагалдах шалгалт нь хэдэн хувь байх ёстойг зааж өгчээ. Гэхдээ ЭЕШ-ын оноо өндөр байх тусам мэргэжил сонгохдоо давуу эрх эдлэх юм байна. Түүнчлэн зарим хөтөлбөрийн хувьд бэлтгэж буй мэргэжил, шинжлэх ухааны онцлогоос үүдэн оюутанд тусгай шаардлага тавих нь. Мөн улсын олимпиадад эхний байрт шалгарсан, суурь шалгалтад тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ нь 750-иас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгчийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөх юм байна.

ХААИС 2500 оюутан элсүүлнэ

Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод ирэх сарын 01-08-ны өдрийг дуустал www.elselt.muls.edu.mn хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд явуулахаар болжээ. Энэ жил тус сургууль сургалтын төлбөр, оюутны байрныхаа төлбөрийг нэмэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой хэмээн мэдэгдсэн. Мөн Удирдах зөлөлийнхөн хуралдаад энэ жил элсэх оюутны хяналтын тоог 2500 гэж тогтоосон. Бүртгэлийн хураамж нь 20000 төгрөг бөгөөд нэг хураамжаар бүх бүлэгт бүртгүүлэх боломжтой аж. Мөн урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулах юм байна. 

МУБИС-ийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг

МУБИС нь 2017-2018 оны хичээлийн жилийн Улаанбаатар хотоос элсэгчдээ ирэх сарын 1-04-ний хооронд http://burtgel.surgalt.mn/ хаягаар бүртгэхээс гадна төв сургууль дээрээ бүртгэх юм байна. Элсэлтийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг байх бөгөөд мөн л онлайнаар төлнө.  МУБИС-д элсэхийг хүсэгчид нь мэргэжилд хамаарах ерөнхий шалгалт өгч, 400 (хэмжээст оноо)-гаас доошгүй оноо авсан байна. Харин 751-ээс дээш оноотой бол сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг дөрвөн жил, 650-750 оноотой бол сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэг дөрвөн жил олгох гэнэ. Бүртгүүлэгч тэнцсэн эсэх талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дүн гарсан өдрийн дараахнаас МУБИС-ийн сайтаар болон сургууль дээр өгөхөөр болсон байна. Хэрэв элсэлтийн материалыг хуурамчаар үйлдвэл үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх аж. МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын бидэнд өгсөн мэдээллээр бол сургалтын төлбөрөө нэмэхгүй байх бодлого баримтална, 1000 гаруй оюутан элсүүлнэ, 600 дээш оноотой элсэгчид сургалтын төлбөрөө Боловсролын зээлийн сангаар даалгадаг гэв.

ШУТИС босго оноо 400-500 хооронд хэлбэлзэж байна

ШУТИС элсэгчдээ энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 05 хүртэл www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар бүртгэх юм байна. Харин аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын их дээд сургуулиудын консорциум/МИДСК/ зохион байгуулах аж. Бүртгүүлэхдээ бүлэгт заасан хичээл бүрээр авсан ЭЕШ-ын оноогоо оруулах бөгөөд өндөр оноотой хичээлийн оноогоор тухайн бүлэгт бүртгүүлэгчдийн жагсаалтад эрэмбэлэгдэх юм байна. Онооны жагсаалтад бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд хоёрдугаар хичээлээр авсан оноог харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэх нь. Ерөнхий шалгалтад авсан байх шаардлагатай босго оноо нь 400-500 хооронд хэлбэлзэж байна. Харин Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн буюу Барилгын инженер, Механик инженер, Архитектур, КООСЕН хөтөлбөрүүдийн босго оноо 650-680 хооронд байна.

АШУҮИС бүртгэлээ зөвхөн онлайнаар хийнэ

Тус сургуулийн сонгосон мэргэжил тус бүрийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг юм байна. Бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр ирэх сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн долдугаар сарын 05-ны өдрийн 13:00 цаг хүртэл явагдах нь. Хоцорсон тохиолдолд дахин бүртгэхгүй бөгөөд бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог зөвхөн цахим хэлбэрээр буюу ХААН болон ГОЛОМТ банкны цахим картаар хийх аж. Ерөнхий шалгалтын хичээл тус бүрт 400-гаас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ. Элсэхийг хүсэгчдийн шалгалтуудын нийт оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтад үзүүлсэн дүн, хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харьцуулж шийдвэрлэх юм байна. Дашрамд сонирхуулахад тус сургуулийн захирал “энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй” гэх мэдээллийг өгсөн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан