Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутны хөгжлийн зээл”-ийн шалгуурыг багасгах нь


Их, дээд сургуульд суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Оюутны хөгжлийн зээл”-ийг авсан оюутан өнөөдөр тийм ч олон биш.

 Учир нь, ийм  зээл олгож байгаа банкнуудын тавьсан шаардлага нь хэт өндөр. Тодруулбал, богино хугацаатай зээл авах хүсэлт гаргасан оюутанд хамтран зээлдэгчтэй байхаас гадна авто машин, үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх шалгуур тавьж буй бол урт хугацаагаар зээл авахыг хүсэгчдэд зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалах ёстой гэх шаардлага нь оюутнуудыг төдийгүй эцэг, эхчүүдийг бухимдуулсан.

Хэдийгээр банк эрсдэлээ бодож хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардах нь зүйн хэрэг ч өнөөдөр өр зээлгүй, үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд байдаггүй айл тун ховор. Тиймээс оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг эргэн харахаар болсон байна. Тодруулбал, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал нартай уулзах үеэрээ “Их, дээд сургуульд суралцагсдад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөл, боломжийг нь олгох хэрэгтэй байна. “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээнд оюутнуудыг олноор нь хамруулах үүднээс Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай, эцэг, эхчүүдтэй, зээл авах гэж буй хүмүүстэй шуурхай хамтарч ажиллах  санаачилга гаргаж идэвхтэй ажиллах ямар боломж байгааг судалж үзэх хэрэгтэй байна.

“Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж, нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ зээлийг олгоход учирч байгаа гол бэрхшээл нь хамтран зээлдэгчийн баталгаатай холбоотой. Тулгарч буй бэрхшээлийг арилгах үүднээс журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Ингэснээр  энэхүү зээлд хамрагдах оюутнуудын тоо нэмэгдэнэ, хүндрэл бэрхшээл нь ч багасна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан