Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банк бодлогын хүүгээ 12 хувь болгож буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 6 сарын 15-нд ээлжит хурлаа хийж шийдвэрээ танилцууллаа. Энэ удаагын хурлаар Бодлогын хүүг 14 хувиас 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргаад байна. тус зөвлөлийн дараагын хурал ирэх есдүгээр болно. Энэ үеэр бодлогын хүүг дахин бууруулах, хэвээр хадгалах эсэхээ шийдэх юм.

Бодлогын хүү буурна гэдэг нь зах зээлд тодорхой эерэг сэдэл өгдөг. Тухайлбал, үүнийг дагаад Засгийн газрын дотоод зах зээлд гаргаж буй үнэт цаасны хүү буурна. Мөн банкуудын хадгаламж болон зээлийн хүү буурах нөхцөл бүрддэг. Мөнгөний бодлогын шийдвэрийн үр дүн эдийн засагт цаг хугацааны хоцрогдолтой илэрдэг. Тухайлбал, 4-6 улирлын дараа хамгийн өндөр нөлөөлөл үзүүлнэ. Ингээд 8 орчим улирлын дараа нөлөөлөл нь хэвийн болдог хэмээн эдийн засагчид хэлдэг билээ.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыг мөн хэлэлцжээ. Чанаргүй зээл өсөхд уул уурхай, худалдааны салбар голлон нөлөөлж буй. Монголбанкнаас чанаргүй зээл буурна гэсэн хүлээлттэй байна. Учир нь уул уурхайн салбарын өсөлт өндөр байгаа. Гэвч Оюу толгойн зэс алтны агууламж буурсан явдал тус салбарын өсөлтийг хойш татаж байгааг Монголбанкны эдийн засагчид онцлов.  Оюу толгойн үйлдвэрлэлийг хасч тооцвол уул уурхайн салбарын өсөлт 15.5 хувьтай гарч буй аж. Энэ өсөлтөд дэлхийн зах зээлийн үнэ, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Үүн дээр уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх тул худалдааны салбар сэргэх гинжин холбоо бий. Ийм учраас уул уурхай, худалдааны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурах хүлээлт байна.

Ингээд төв банк бодлогын хүүгээ бууруулахад ямар ямар хүчин зүйлс нөлөөлсөн, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн зарим гишүүд, албан тушаалтнуудын тайлбарыг хүргэе.

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар:


- Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой гадаад валютын урсгал өссөн. Мөн богино хугацаанд тулгарсан гадаад өр төлбөр түүний дарамт тодорхой хэмжээгээр буурлаа. Түүнчлэн ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохирсон төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нэлээдгүй хэмжээний гадаад валют орж ирэхээр төлөвлөглөгдөж байна. Энэ бүгд нь макро эдийн засгийн төлөв байдалд эергээр нөлөөлж валютын ханшийн дарамт буурч эхэлсэн. Энэ хэрээр инфляц харьцангуй нам тогтвортой төвшинд байх төлөв бий. Иймд эдийн засаг сэргэх эхний шинж тэмдэгүүд ажиглагдаж байна. Гарч буй эерэг өөрчлөлтүүдийг улам баталгаажуулах, хадгалах, үргэлжлүүлэхийн тулд эдийн засгаа дэмжих шийдвэр гаргах шаардлагтай гэж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс үзсэн хэмээн мэдээллээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Монголбанкнаас урд нь мөнгөний бодлогыг тодорхойлохдоо нэг зүйлийг тодотгосон. Тэр нь бодлогын хүүг огцом өсгөсөн арга хэмжээ богино хугацааных. Эдийн засаг тогтворжиж тодорхой бус байдал буурахад эргээд бууруулна гэсэн. Үүний дагуу бодлогын хүүгээ бууруулж байна. Хамгийн гол нь тухайн үед санаа зовоож анхаарал татаж байсан тодорхой бус байдал, харгалзан үзэж байсан хүчин зүйлүүд өнөөдөр эерэг чиглэлд орсон учраас бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргахад хүргэсэн. Тухайлбал, төсвийн тодорхой бус байдал их байлаа. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хийсэн Төсвийн тодотголын хууль, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл нь  мөнгөний бодлого зөөлрөх орон зайг олголоо. Төсвийн алдагдал өнгөрсөн онд ДНБ-ий 20 хувьд хүрэх эрсдэлтэй байсан. Энэ онд 9.5, ирэх онд 6, 2019 онд 5 хувь болох төлөвтэй. Өөрөөр хэлбэл төсвийн бодлого дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлийг хангахаар батлагдсан. Мөн төлбөрийн тэнцэлийн дарамт нааштай шийдэгдэж байна. Өнгөрсөн 3 дугаар сард Мөнгөний бодлого хуралдаж байх үеэс гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарч ирлээ.  Жишээлбэл экспортын гол түүхий эд зэсийн үнэ тонн тутамдаа 300-500 ам.доллараар өссөн. Мөн худалдааны гол түнш Хятадын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд шинжээчдийн хүлээж байснаас өндөр буюу 6.9 хувиар өссөн дүн гарсан.

Бас ОХУ-ын эдийн засаг сүүлийн хоёр жилд уналттай байсан ч анх удаа 0.5 хувийн өсөлттэй гараад байгаа. Шинжээчид хойд хөршийн эдийн засгийн энэ өсөлт тогтвортой нэмэгдэнэ гэж харж байна. Үүнээс гадна  худалдааны гуравдахь түнш Евро бүсийн эдийн засаг харьцангуй тогтвортой байх мэдээлэл гарсан. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг хэрхэн дарахыг болгоомжилсон өнцөгөөс харж байсан. Тухайн үед Чингис бондын арилжаалагдаж буй хүү 20, Хөгжлийн банкны бондын хүү 30 хувьд дөхөж байв. Тэгвэл одоо таван жилийн хугацаатай Чингис бондын өгөөж хүү 4, 10 жилийнх нь 6 орчим хувьтай болж бууж ирсэн. Эндээс хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сэргэснийг харуулж буй юм. Мөн инфляц дунд хугацаанд буюу 2-3 жилд харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Энэ нь бодлогын хүү буурах бас нэг орон зайг гаргаж өгч байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан