Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ: Солонгордог, саатай балаар будсан хариултын хуудсыг засагч машин уншдаггүй


Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. 40388 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсний 87 хувь нь энэ жилийн төгсөгч юм. Улсын хэмжээнд нийтдээ 49 шалгалтын байр бэлтгэсний 27 нь нийслэл хотод, 22 нь орон нутагт бий. Эдгээр шалгалтын төвд хяналтын камер, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч, мөн сонсох төхөөрөмж суурилуулсан байна. Харин шалгалт зохион байгуулах ажилд 8000 орчим хүн ажиллахаар болж, сургалтад хамрагджээ.

 Шалгалтын сэдвийг хүүхэд бүрийн тоогоор хэвлэсэн бөгөөд шалгалт авах 49 байрт Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн албатай хамтран нийт 350 орчим хайрцаг материал хүргүүлжээ. Тиймээс шалгалтын материал задрах боломжгүй гэж холбогдох байгууллагын мэргэжилтнүүд нь үзэж буй аж.

Ямартай ч шалгуулагчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Заасан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй юм байна.

Харин шалгалтад орохдоо баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгээ авчирсан байх шаардлагатай аж. Хэрвээ иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй эсвэл үрэгдүүлсэн бол сүүлийн гурван сард авахуулсан чээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолттой байхад хангалттай гэнэ.

Анхааруулахад, шалгалтын хариултын хуудсыг хар эсвэл хөх өнгийн үзгэн болон тосон балаар бөглөөрэй. Учир нь, өнгөрсөн жилүүдэд арилдаг, солонгордог, саатай балаар хариултын хуудсаа будсаныг нь засагч машин уншаагүй тохиолдол гарч байсан юм.

БСШУСЯ-наас өнгөрсөн жил Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо тогтоох эрхзүйн үндэсгүй гэж үзсэн учир энэ жил ч мөн адил дээрх шалгалт босго оноогүй байх нь. Гэхдээ шалгалт өгөх хүүхдүүд босго оноогүй гэж тайвширч болохгүй. Учир нь, элсэлт авах их, дээд сургуулиуд Монгол хэл бичгийн шалгалтад өөрсдөө босго тогтоох юм байна. Шалгалтын материалыг автомат машинаар засдагч маргааш болох шалгалтыг багш нар гараар засах юм байна. Мөн багш нарын зассан материалыг хооронд нь сольж дахин тулгаж хянуулах аж.

Шалгалтын материалуудыг энэ сарын 19-ний өдрөөс эхэлж засч эхлэх бөгөөд ирэх сард Боловсролын үнэлгээний төвийн www.еес.mn сайтад байршуулж, дүн оноог нийтэд зарлах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан