Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шунхлай” групп шатахууны үнийг тогтворжуулна гэж авсан мөнгөөрөө зээлээ төлжээ


УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сайн улстөрч бус харин овсгоотой бизнесмэн гэвэл илүүтэй зохино. Учир нь тэрбээр улс төрд хөл тавихаасаа өмнө АПУ, "Шунхлай” зэрэг томоохон компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь байв. Харин улстөрч болсноосоо хойш архи үйлдвэрлэгч гэсэн муу сэтрээсээ салахын тулд ойр дотныхоо хүмүүст өөрийн бизнесээ шилжүүлснээр нэр цэвэр, энхийн цагаан тагтаа байхыг хичээх болсон. Гэвч бодит байдал дээр тэрбээр архи, пивоны үйлдвэрээс хол нэр цэвэр улстөрч мөн үү гэвэл үгүй. Архи пивоны үйлдвэрээс гадна "Шунхлай” ХХК-ийг тойрсон таагүй мэдээлэл чих дэлссээр ирсэн. Тодруулбал, "Шунхлай” групп хууль бусаар газар авсан. Шатахуун түгээх зарим станцаа хууль зөрчин барьсан гэх мэдээлэл гарч байсан. Мөн үүнд УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн нөлөө их байдаг төдийгүй тэрбээр улс төрийн хүрээнд өөрийн бизнесээ дэмжүүлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэдэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг байлаа.

Тэгвэл олны яриа ортой байсан гэдгийг нотлох шинэ баримт өчигдөр олон нийтэд ил боллоо. Энэ нь өнгөрсөн дөрвөн жил буюу АН-ынхан төрийн эрх барьж байх үедээ "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлсэн. Гэтэл энэ хөтөлбөрөөс эрхэм гишүүний гэр бүлийнх нь бизнес гэгддэг "Шунхлай” групп их хэмжээний мөнгө авсан нь тодорхой боллоо. Хамгийн ноцтой нь авсан мөнгөө хууль бусаар ашигласан нь олны анхаарлыг татаж байна. Юутай ч албаныхны өгсөн мэдээллээр, "Шунхлай" ХХК үнэ тогворжуулах хөтөлбөрийн хүрээнд авсан буюу форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулжээ. Мөн "Хьюндай моторс” ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан нь тодорхой болжээ. Харин эрхэм гишүүн асан энэ хууль бус үйлдлийн талаар мэдсэн, мэдэж байсан эсэх нь анхаарал татаж байгаа юм.

Уг нь эрхэм гишүүн үнэхээр л өөрийнх нь ярьдагчлан хууль хэрэгжүүлдэг мөрддөг бол энэ хөтөлбөрийн зорилго нь түлш, шатахуун импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтад хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хугацааг уртасгах, санхүүгийн үүсмэл хэрэгсэлд эх үүсвэр, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэдгийг сайн мэдэж байх учиртай. Мөн эрхэм гишүүний бизнесийг өв залгамжлан авсан гэр бүлийнхэн нь ч энэ тухай гадарлаж байх учиртай. Гэтэл хөтөлбөрийн хүрээнд авсан 35 тэрбум 293 сая төгрөгөө огтоос өөр зүйлд тэр дундаа зээлээ төлөх зэргээр үрэн таран хийсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд гишүүн асан Г.Батхүү энэ асуудалд ямар тайлбар өгөх нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Л.Оюу
Эх сурвалж: tonshuul.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан