Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Жамъянсүрэн: Улаанбаатарт уулнаас баахан нарс, гацуур авч ирж оршуулдаг л болсон

Т.ЖАНЦАН

Ойн генетик нөөцийн хамгаалал төслийн зөвлөх, “Ойн үндэсний корпорац” ХХК-ийн захирал С.Жамъянсүрэнтэй Монгол орны ой модны нөөц, үр, үржүүлэгийн талаар ярилцлаа.

-Манай улсын газар нутгийн хэдэн хувьд нь ой мод эзэлж байна вэ?
-Мод их тайрсан газар хээр болсон. Тэр газарт модны үр унасан ч ургахгүй, хээрийн ургамал түрээд байна. Манай улс 1960-аад оноос эхлээд модоо огтолж эхэлсэн. Тухайн үед нийт нутаг дэвсгэрийн 18 хувь нь ой байлаа. Одоо найман хувь нь ой болсон. Тэр огтолсон 10 хувиа нөхөөд ойжуулбал гол мөрний дээд эх, мөнх цэвдэг хадгалагдана. Ингээд усны ундарга нь дээшлэх нөхцөл бүрдэх юм.
-Монгол оронд ойн өвчлөл, хортон шавьжинд идэгдэх явдал хэр байгаа вэ?
-Ер нь их шүү. Бид самар цөмөөд цагааныг нь иддэг дээ.  Гэтэл түүнийг нь идчихдэг хортон шавьж сүүлийн үед маш их дэлгэрсэн. Голдуу урд хөршөөс, бусад газраас хэн дуртай хүн нь мод оруулж ирээд эмх замбараагүй тариад байна. Үүнтэй хамт тэр хортон шавьж, ургамлын өвчин орж ирээд байгаа юм. Мөн Сибириэс янз бүрийн хортон шавьж нүүдэллэн орж ирэх, ургамлын өвчин тархах явдал бий. Үүнийг мэргэжлийн талаас нь энэ мод болно, болохгүй гэж заагладаг газар манайд алга. Хил орчмын, гүний ургамал хамгаалынхан гэж бий.   Гэтэл тэнд мэргэжлийн хүн байхгүй. Ерөнхийд нь ургамалын талын мэргэжилтэн байдаг. Яг модны талаар мэргэжсэн хүнгүй юм. Мэргэжлийн хяналтын газарт хоёр гурван мэргэжилтэн байгаа. Тэд улсын хэмжээнд хүрч ажиллах боломжгүй юм.

-Тухайлбал, ямар өвчин, хортон шавьж орж ирдэг гэж. Үүнээс сэргийлэх хамгаалах арга хэмжээ авч байна уу?
-Үрийн дотор талыг нь иддэг хортон шавьж байна. Мөн дөнгөж ургаж буй нахиаг нь иддэг шавьж оросын талаас их нүүдэллэж орж ирдэг. Бас үрийн дотор талыг нь ялзруулдаг өвчин дэлгэрэх болсон.  Үүнтэй нэг аймгийн хэмжээнд тэмцээд дийлэхгүй. Төрийн бодлогоор нэгдсэн арга хэмжээ авах ёстой.

-Модны үр үржүүлэх төсөл хэрэгжих болжээ. Ойн үр үржүүлгийн талаар ямар бодолтой байна вэ?
-Үрийн чиглэлээр анх удаа зөвлөгөөн хийж байна. Уг нь ойжуулалт, шилмүүст модны үр бэлтгэх ажил 1960-аад оноос эхэлсэн. Гэвч бие даасан Ой модны аж үйлдвэрийн яам гэж байхдаа ч доривтой арга хэмжээ аваагүй. Тухайн үед мод огтлох, бэлтгэх чиглэлд голлон анхаарч ойн генетик, үрийн нөөцийн талаар ямар ч ажил хийж байгаагүй юм. Шилмүүст модны их үрийн жил гэж тохиодог. Энэ нь 1970, 1980-аад оны үед таван жил тутамд тохиодог байсан. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж  7-8 жилийн хугацаанд давтагдаж байна. Ийм учраас төрийн бодлогоор ойн генетик, нөөцийн асуудлыг зохицуулах шаардлага тулгарлаа. Өөрөөр хэлбэл ойн анги, ой хамгаалах нөхөрлөлүүдэд үр бэлтгэ гэдэг даалгавар өгч ирсэн. Одоо тэгж болохгүй болж буйг уур амьсгал, байгаль дэлхий өөрөө хэлээд байна. Жишээлбэл баруун аймгуудад хавар хүйтэрч хөлдөөд үргүй боллоо гэж бодоё. Гэтэл зүүн аймгийн нутагт үр байдаг. Ийм нөхцөлд баруун аймагт модны үр түү гэж мөнгө өгөөд хэрэггүй болно гэсэн үг.  Энэ бүгдийг бодлогоор зохицуулах ёстой. Их үрийн жилээр нөөцөлсөн үрээ дараагын давтамж тохиотол үржүүлж, ойжуулж байх учиртай юм. Гэтэл одоо л энэ Ойн генетик, нөөцийн хамгаалал төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ төслийг АХБ, Японы ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж БОНХЯ хэрэгжүүлэх боллоо.

-Ойн генетик, нөөцийн хамгаалал төслийн хүрээнд ямар ямар ажил хийх вэ?
-Модны үр нөөцлөх бүс нутаг тогтооно. Жишээлбэл, Улаанбаатар хотын бүсээс түүсэн үрийг Баян-Өлгий аймагт аваачиж тариад ургахгүй. Бид одоо явцад Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт судалгааны ажлаа эхлүүлж байна. Эдгээр нь монголын хамгийн их ойтой аймаг. Тэгэхдээ баруун, төв, зүүн бүс нутгийг төлөөлж чадна гэж үзэж байгаа. Манайхан өнөөдөр гарал үүсэл нь тодорхойгүй модны үрийг энд тэнд аваачин тарьж байна. Энэ нь монгол орны ой модны удамшилд муугаар нөлөөлнө. Малаар ярьвал малчид хурдан удмын адууг Сүхбаатар аймгаас авч сүргийн бүтцээ шинэчилж байна. Яг үүнтэй адил хаана сайн мод байна түүний үрийг түүж ойжуулалтын ажил хийх ёстой. Үүнээс гадна үр байнга түүх ойг тусгаарлах учиртай юм. Нэг ёсондоо тухайн ойн бүх мод тусгай дугаар, генетикийн паспорттой болно. Дахиад мал дээр жишээ авья. Үхэр л гэхэд махны, сүүний чиглэлийнх гэж бий. Үүний адил сайн үр өгдөг модыг л олно гэсэн үг. Учир нь гомозигот мод гэдэг бол тухайн ойн бүстээ л үр нь ургадаг модыг хэлнэ.  Өөр газар аваачихад ургахгүй. Өөрөөр хэлбэл тэр модны удамшил нутаг нь өөрчлөгдөхөд задардаггүй.  Харин гетерзигот модыг олбол үр нь зарадаг. Ухаандаа ямар ч газарт аваачиж тарихад ургах боломжтой юм. Ийм модыг л бид олж бусад газарт ойжуулалт хийх зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж байна. 

-Тэгэхээр манай улсад модны үр үржүүлэх ажил хангалтгүй байх нь гэж ойлголоо. Сүүлийн үед мод, цэцэг гээд төрөл бүрийн ургамал үржүүлж, тариалж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн олон байх шиг санагддаг. Одоо таны яриад байгаа үр үржүүлэгийн нөөцтэй болсоноор ойн аж ахуй хөгжих боломжтой болно гэсэн үг үү?
-Тийм. Маш хангалтгүй. Одоо л эхэлж байна. Миний хувьд модны үр нөөцлөх, үржүүлэх талаар 1976 оноос хойш асуудал тавьж яваад одоо л биеллээ олох гэж байгаа юм. Тэгэхдээ харамсалтай нь модгүй болсон хойно гэсэн үг. Манайхан 1990 оноос хойш аль сайн модыг нь шилж түүгээд огтолсон шүү дээ. Үлдсэнд нь үржүүлгэд ашиглах мод бий. Үүнийг л олох хэрэгцээ шаардлага гараад байна. Ойн аж ахуйгаас гадна хамгаалагч нөхөрлөлүүд модтой уулын ам болгоныг шахуу хамаад авсан. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод үржүүлэх, тэр гарцаагүй ургадаг байх ёстой л гээд байгаа юм.

-Нийслэлд байгууллага бүр л мод тарьдаг. Та мэргэжлийн хүний хувьд хот сууринд тарьж буй модны талаар ямар бодолтой байна вэ?
-Манайхан ууланд ургаж байгаа модыг ухаж авч ирээд суулгахаа болих хэрэгтэй. Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэнгүүд, замын дагуух модыг хараарай. Улиас, шинэс, нарснаас өөр мод байхгүй.  Гацуурыг уулнаас авч ирээд л зоож байна. Яг үрээр нь ургуулж хөгжүүлж буй зүйл алга. Хот тохижуулалтад тохирох мод гэж бий. Уулнаас авч ирж суулгаад байгаа нарсыг хар. Мөчир нь явж явж байгаад үзүүртээ хэдхэн шилмүүстэй хатчихсан байгаа. Энэ бол хот тохижуулалтад зориулалттай мод биш. Хотын захиргаанд танилтай нэг нөхөр халтуур хийж мөнгөө хувааж авч байгаа л үйлдэл. Ер нь уулнаас баахан нарс, гацуур авч ирж хотод оршуулдаг л болсон. Уг нь хувиараа мод үржүүлж буй газруудын бүтээгдэхүүнийг шилжүүлж тарих бололцоотой байдаг. Гэтэл тэдний урдуур дайрч уулын мод авч ирж хатаагчид гарч ирээд байна.
Хот тохижуулалтад тарьдаг нарс, гацуур дороосоо шигүү ургасан шилмүүсэн титэмтэй байдаг. Ийм модыг цилиндир, конус, бөмбөгөр зэргээр янз бүрээр засч болдог.

-Нэг үрийг ургуулж мод болгон суулгахад хэдэн төгрөгийн зардал гардаг вэ?
-Социализмын үед нэг үрийг тариад 2-3 настай болгоод ойж шилжүүлэн суулгаад 8 жил арчилхад улс тэр модыг 8 төгрөгөөр худалдан авдаг байсан. Энэ хугацаанд тарьж арчилхад нэг модонд 5 төгрөг  30 мөнгөний зардал гардаг байлаа. Одоо тариагүй учраас өнөөгийн ханшаар хэдэн төгрөгийн зардал гарч байгааг сайн мэдэхгүй байна. тухайн үед би Туул голын эхэнд ойжуулалт хийсэн. Галтай уулын эсрэг талд Ар жалганд би 70 га талбайг ойжуулсан. Одоо их сайхан ургаж байна лээ. Өнгөрсөн онд очиж өндөрийг нь хэмжиж үзсэн. Үндсэндээ 92 хувь нь ургаж байгаа. Хамгийн өндөр ургасан нь 18, намхан нь 7 метр болсон. Энэ талбайг би 1992 онд ойжуулсан юм.

-Тэгэхээр их үрийн жилд ямар ямар модны хэдий хэмжээний үр нөөцлөх бололцоо байна. Жил бүр үр нөөцлөх үү?
-Жил бүр үр нөөцөлж болно. Их үрийн жилд социализмын үед нэг жилд 20 гаруй тонн үр нөөцөлж байсан. Одоо бол үүнд хүрэхгүй. Жилд 2 тонн орчим үр нөөцөлж байна.  манай улс одоо нарс, шинэс модны үр нөөцөлж байгаа. Цаашид гацуур, хуш, хус, улиас, улиангар модны үр нөөцлөх шаардлага бий.

-Нөөцөлсөн үрийн хэдэн хувь нь ургах магадлалтай вэ?
-Бидний урд нь хийсэн судалгаагаар нөөцөлсөн үрийн 50 хувь нь ургана. Үлдсэн нь шавьжинд идэгдсэн, хүйтэнд хөлдсөнөөс шалтгаалж хоосон байх тохиолдол бий. Мөн өвчилсөн үр ч байдаг. Уг нь улс орнуудад модны үр сортолдог машин ашигладаг. Энэ машинд үр хийхэд нэг нэгээрээ конвероор урсана. Тэр үед нь фото элментээр гэрэлтүүлж хоосон, тал үртэй, бүтэн үртэй зэргийг нь ялгаад тус тусад нь ялгаад гаргадаг юм. Иймд бүтэн үрийг нь ялгаад авсан тохиолдолд ургахгүй байна гэж үгүй. Заавал ургана. Энэ машин 20 мянган ам.долларын үнэтэй юм билээ. Ойн судалгаа хөгжлийн лаборатори ийм машин худалдаж авах мөнгөгүй байна. Улсын модны үрийн фонд энэ  лабораторид л байгаа юм.
-Иргэдийн нөхөрлөл, ойн ангиудын тарьж буй мод хэр ургаж байгаа вэ?
-Янз бүр. Мэргэжлийн хүнээр удирдуулсан газарт 70 хувь нь ургаж байна. Хуульд ойн нөхөрлөл бол ойн аж ахуйн инженертэй байна гэж заасан. Гэтэл ихэнх нөхөрлөл нь ийм мэргэжлийн хүнгүй. Нөхөрлөл байгуулахдаа нэг хүний диполом гуйгаад хувилж аваад манайх инженертэй гээд зөвшөөрөл авчихдаг. Тэгээд өөрсдөө мод тарихад мэргэжил дутаад байна. Тэдний тарьсан модны 10-20 хувь нь ургаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан