Дэлхийн олон үндэстэн угсаатныг нэгэн дээвэр дор, эв найрамдлын дунд нэгтгэж чаддаг олимпийн наадам энэ жил Английн нийслэл Лондон хотноо болно. Манай улсаас 29 тамирчин олимпийн наадмыг зорихоор болсон. Монголчуудын хувьд 1968 онд чөлөөт бөхийн төрлөөр олимпийн анхны хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн Бээжингийн олимпод анхны аваргаа өлгийдөн авсан юм. Лондонгийн олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
П.Сэр-Од: Анхны олимпийн эрх хүртсэн тамирчин
/Марафон гүйгч, ОУХМ/
“Лондон 2012” олимпийн наадмыг зорих эрхийг хамгийн түрүүнд Монголын шилдэг марафонч ОУХМ Б.Сэр-Од хүртсэн юм. Түүний хувьд Лондонгийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож есдүгээр байрт шалгаран эрхээ өвөртөлж чадсан. Тэрээр тэмцээний 42 км 175 метр зайг 2 цаг 11 минут 35 секундын амжилтаар туулсан. Олимпийн эрхийн салхийг хагалсан анхны тамирчин маань дэлхийн шилдэг тамирчдын дунд зохион байгууллагддаг Бээжингийн марафонд зургадугаар байрт шалгаран хоёрдахь удаагаа олимпийн эрхийн болзолыг биелүүлсэн билээ. Түүний хувьд өнгөрсөн Бээжингийн олимпийн өмнө “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд зориулсан уралдаанд тэргүүлсэн билээ. Мөн гуравдахь удаагаа олимпийн наадамд оролцож байгаа бөгөөд Афины олимпод цагаан хуудсаар оролцож байсан түүхтэй. Мөн Солонгосын Дэггү хотноо зохиогдсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 цаг 16 минут 41 секундын амжилтаар 40 гаруй орны 70- аад тамирчнаас 20 дугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.
Л.Отгонбаяр: Олимпийн эрхээ хоёр дахиа баталсан
/Хөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ/
Афин, Бээжингийн олимпод улсаа төлөөлөн оролцож байсан хөнгөн атлетикийн тамирчин Л.Отгонбаяр гуравдахь олимпдоо оролцохоор болсон. Тэрээр олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Golden Label” буюу алтан чансааны зэрэглэл бүхий Прагын марафонд оролцож, 2 цаг 39 минут 51 секундын амжилтаар ОУХАХ-ы болзолын дагуу “Б” зэрэглэлийн буюу олимпийн эрхийн болзолыг хангасан юм. Мөн “Бээжингийн марафон”д аваргалж олимпийн эрхийг хоёр дахиа хүртсэн.
О.Гүндэгмаа: Хамгийн олон удаа олимпод оролцож буй тамирчин
/Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/
АНУ-ын Форт Беннин хотноо болсон буудлага спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар маань мөнгөн медаль хүртэж “Лондон-2012” спортын их наадамд цэц мэргэнээ сорихоор болсон. Тив дэлхий, олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон тамирчин гэж түүнийг хэлж болно. Учир нь хамгийн анх 1996 онд болсон “Атлантида” гийн олимпод оролцож зургадугаар байр. Мөн 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод оролцож мөн л шагналт зургадугаар байрт орсон түүнийг олимпод жаахан азгүй тамирчин гэлцдэг. Учир нь тив дэлхийн тэмцээн уралдаанд олимпийн наадмын рекордыг шинэчлэж байсан түүний хувьд олимпод орохдоо сансамсаргүй алдаа гаргаж ялагдал хүлээдэг байсан. Тэгвэл 2008 оны Бээжингийн олимпод тэр хэн гэдгээ харуулж 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Энэ спортыг сонирхогч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар олимпийн аварга болоход цөөхөн оноо дутсан юм гэдэг. Ямартай ч, олимпийн эрхээ өвөртөлсөн цэц мэргэн маань Лондонгийн олимпод аваргалах бизээ. Харин эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Баяраа эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд олимпод хүч үзэх юм.
Ж.Гантөгс: 20 жил хүлээсэн олимпийн эрх
/Байт харвааны тамирчин. ОУХМ/
Байт харвааны тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхийг өвөртөлсөн тамирчин. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 3-10 ны хооронд Ираны Турин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 82 орны тамирчидтай 90,70,50,30 гэсэн дөрвийн зайд өрсөлдөж, шөвгийн 16-д шалгарч чадсан. Түүний дараа шөвгийн 16- д Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдсөн ч тэрээр 6.0 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрмийн дагуу шөвгийн наймд шалгарсан тамирчин олимпийн эрхийн болзол хангадаг боловч өмнөх өрсөлдсөн тамирчид нь хэдий нь олимпийн эрхээ халаасласан байсан учир Ж.Гантөгсийн хувьд эрхээ авч чадсан. Түүнийг улсын дээд рекордуудыг байнга шинэчилдэг шилдэг тамирчин гэдгээр хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Байт харвааны эрэгтэй тамирчдын хувьд 1980 оноос хойш олимпийн наадамд оролцоогүй. Ийнхүү Лондонгийн олимпод оролцож олон жил хүлээлгэсэн түүхийн хуудсыг эргүүлэх нь.
Ж.Урантунгалаг : Олимп өнжсөн байтын буухиаг үргэлжлүүлэгч
/Байт харваан ОУХМ/
Ираны нийслэл Тегеран хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож олимпийн эрхээ авсан. Ингэснээр байтын хоёр тамирчин Лондонгийн олимпод оролцохоор болсон. Ж.Урантунгалагийн хувьд шигшээ харваанд Шри Ланка улсын тамирчин Дилхара Салгодог, мөн Ираны Серех Асадиг итгэл төгс ялж 609 оноогоор тэргүүлж олимпийн эрхийн болзолоо хангасан юм. Эмэгтэй байт харваачдын хувьд 1996 оны Атлантидагийн олимпоос хойш оролцоогүй. Ийнхүү олимп өнжсөн байтын буухиаг Ж.Урантунгалаг дахин эхлүүлэхээр болжээ.
У.Мөнх-Эрдэнийн сүүлчийн найдвар
/Монгол Улсын гавьяат тамирчин/
Монголын боксын спортыг, тэр дундаа тамирчдыг гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Түүний хувьд хоёр удаа олимпод оролцож байсан туршлагатай нэгэн. Тэрээр Афины олимпод 60 кг-ын жинд оролцож, Бээжингийн олимпод 64 кг-ын жинд тулалдаж байсан. Өнгөрсөн сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон ч медалийн төлөөх тоглолтод Европын аварга бөхтэй тулалдаж ялагдал хүлээсэн. Гэсэн ч тэр Лондонгийн олимпийг зорих эрхтэй болсон. Миланы дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин маань энэ жил одтой байж Азийн аварга тамирчин болсон. Түүний амжилт, бэлтгэл сургуулилт хувийн формийг багш дасгалжуулагчид өндрөөр үнэлж байгаа.
П.Сэрдамба: Удаан хүлээсэн олимпийн наадам
/Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/
Бээжингийн олимпийн мөнгөн медальт,хөдөлмөрийн баатар Азербайжаны нийслэл Баку хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэн “Лондон-2012”-ийг зорих эрхтэй болсон. Түүнд энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээн даагаа нэхэх нэгэн боломж байсан ч , тэрээр алдсан юм. Учир нь Бээжингийн олимпийн наадамд алтан медалийн төлөө тулалдсан Хятадын боксчин Зоу Ши Мин. Медалийн өнгө хувиргах тоглолтод Солонгосын Шин Жин Хунд ялагдал хүлээн Зоу Шин Минтэй таарах боломжоо алдсан. Гэсэн ч тэрээр Лондонгийн олимпод даагаа нэхэж чадах байх хэмээн нэгэнтэй ярьж байсан. Мөн өнгөрсөн 2010 онд дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт нь түүнд дэлхийн аваргын “Хос медалтан” гэсэн эрхэм алдрыг хүртээсэн билээ.
Ширэн бээлийтнүүдийн үлдсэн жинд…
Казахстаны нийслэл Астана хотноо болсон Азийн ширэн бээлтийтнүүдийн олимпийн эрхийн сүүлийн тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-д итгэл төгс тулалдаж олимпийн эрхийн болзолоо хангасан юм. Мөн энэхүү тэмцээний 69 кг-ын жинд тулалдсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат хагас шигшээ тоглолтод БНСУ-ын тамирчин Ким Жун Вонтой тоглож 29:17 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж Лондонгийн олимпийг зорих болсон. Эдгээр тамирчдын хэн нь ч төрийн дуулалаа эгшиглүүлээд зогсож байхад гайхаад байх зүйлгүй хэмээн мэргэжилтнүүд тодорхойлдог юм билээ.
Усан спортынхон цагаан хуудсаар орно
Олон улсын усан спортын холбооноос Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй нэг тамирчинд олимпийн эрхийн цагаан хуудас олгосон. Харин Монголын усан спортын холбооноос энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний амжилтыг үндэслэн спортын мастер А.Тамир, спортын дэд мастер Г.Оюунгэрэл нарт уг эрхийг шилжүүлсэн юм. Г.Оюунгэрэлийн хувьд анх удаагаа орж байгаа бол А.Тамирын хувьд урьд нь Афин 2004 –д орж байсан туршлагатай билээ.
Чөлөөтийн эрчүүд дөрвөн жинд
Станбулын чөлөөтийн дэвжээнээс олимпийн эрх өвөртөлсөн хоёрдахь тамирчин. Ж.Чулуунбатын хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт Оросын Б.Маховтад ялагдаж дагах барилдаанд Армяны бөх Басаевийг, дараа нь Грекийн Ионнис Арзумандисийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Жамилдан Магомедовтай барилдаж ялагдал хүлээн тавдугаар байрт шалгарч, олимпийн эрхийн болзол хангасан юм. Түүний хувьд мөн хамгийн анхны олимпийн наадам нь юм. Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс түүнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж Болгарын хүнд жингийн бөхчүүдийг хүртэл эх орондоо авчирч бэлтгэл сургуулилтад нь анхаарсан. Дараагийн эрхийг Хятадын Таньюань хотноо болсон олимпийн эрхийн сонгон шалгаруулах тэмцээнд 74 кг-ын жинд оролцсон олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат түрүүлж алтан медаль, олимпийн эрхээ өөрийн болгож чадсан. Харин чөлөөт бөхийн олимпийн эрх олгох сүүлийн тулаанд оролцсон тамирчдаас 55 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар өрсөлдөгч бөхчүүдээ, ур ухаан, хүч чадлаар илүүрхэж дөрвөн жил хүлээсэн олимпийн наадмаа зорих эрхтэй болсон. Мөн энэ тэмцээний 84 кг-д барилдсан О.Үйтүмэн энэхүү тэмцээнд үнэхээр илүү байж мөнгөн медаль хүртэн зуны 30 дугаар олимпийг зорих эрхтэй болсон билээ. Чөлөөт бөхийн тамирчдын авсан эрх зөвхөн Монгол Улсад хамааралтай бөгөөд тэдний жинд дахин сонгон шалгаруулалт хийсэн ч тэд үнэхээр илүү байж Лондонгийн олимпийг зорих нь тодорхой болсон.
Чөлөөтийн эмэгтэйчүүд бүтэн багаараа
Туркийн Станбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас 63 кг-ын жинд өрсөлдсөн О.Насанбурмаа хүрэл медаль хүртэж Лондонгийн олимпийг зорих эрхтэй болсон. Энэ нь зөвхөн улсад ирж буй эрх учир жинд нь дахин сонгон шалгаруулалт явагдаж, тэмцээн уралдаан бүх талаараа түүнээс илүү байгаа учир Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Лондонгийн олимпийг зорихоор болсон. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн сүүлийн сонгон шалгаруулах тэмцээн Хятадын Таньюань хотод болж эмэгтэйчүүдээс 48 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 51 кг-д хүч үзсэн С.Бямбацэрэн, 72 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар өрсөлдөгч бөхчүүдээ дараалан өвдөг сөхрүүлж, сүүлийн сонгон шалгаруулалтад ч илүү байсан учир олимпийг зорихоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Лондонгийн олимпод оролцохоор болж байгаа юм.
9 жүдоч олимпод зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпийн эрх авсан тамирчдыг зарласан. Нийт 252 жүдочдоос эрэгтэйчүүдийн эхний 22, эмэгтэйчүүдийн мөн эхний 14дүгээр байр эзэлсэн тамирчид шууд эрхээ хүртэх учиртай. Манай шигшээ багийн тамирчид нийт найман жинд давхардсан тоогоор 13 тамирчин олимпийг зорих эрхтэй болсон. Харин үндсэн найман жинд хэн гэгч тамирчин илгээхийг Монголын жүдо бөхийн холбооо албан ёсоор зарлахад эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 690 оноогоор дэлхийд чансаагаар тавд, 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа 1302 оноогоор чансаагаар хоёрт, 63 кг-д Ц.Мөнхзаяа 814 оноогоор долдугаар байрт бичигдсэн бол -78 кг-ын жинд өрсөлдөх П.Лхамдэгд 900 оноогоор долдугаар байрт бичигдэж олимпийн наадмыг зорихоор болсон. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д 596 оноогоор чансаа есөөр Д.Төмөрхүлэг, 66 кг-д Х.Цагаанбаатар 1164 оноогоор дэлхийд чансаагаар хоёрт эрэмблэгдсэн байдлаар, 73 кг-д С.Ням-Очир 860 оноогоор чансаагаар тавд бичигдсэнээр, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр 896 оноогоор чансаагаар тавдугаар байраар олимпийн наадамд оролцохоор болсон юм. Харин олон улсын олимпийн хорооноос ОУХМ Д.Сумъяад олимпийн эрхийг албан ёсоор олгосоноор Монголын 9 жүдоч Лондонгийн олимпод зодоглохоор болсон нь билээ.