Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБТЗ Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна


Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Зам тээврийн салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж, тус салбарын хамт олон ажлаа олон нийтэд танилцуулж байна.

Энэ үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн асар майхнууд дүүрэн хүнтэй байгаа нь тус хамт олон энэхүү өдөрлөгт сайтар бэлтгэж, хүмүүст хийсэн ажлаа хүртээмжтэй сайн танилцуулж байгаатай холбоотой нь харагдаж байв.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хөгжилд  үнэлж баршгүй үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Монгол-Оросын найрсаг хамтын ажиллагааны амьд түүх болж үлдсэн 70 шахам жилийн бахархам  түүхтэй хамт олон юм.  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн түүх бол бүхэлдээ их бүтээн байгуулалтын түүх байдаг. Монгол орны уудам талд сүндэрлэн боссон Дархан, Эрдэнэт, Багануур, Багахангай, Бор-Өндөр зэрэг шинэ хот суурин, үйлдвэр уурхай бүгд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй холбоотой. Өнөөдөр ч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон 2017 онд “Технологийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх” зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ. 2017 оны эхний 4 сарын байдлаар тээврийн хэмжээ 20 шахам хувиар өсч, экспортын ачаа 27 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж..

Тус нийгэмлэгийн идэвх санаачилгатай ажилласны үр дүнд Дорноговь аймгийн Олон-Овоо, Айраг өртөөдийн орчмын нүүрсний бүлэг ордуудаас олборлосон нүүрсийг БНХАУ-ын Тяньжин боомт хүргэх анхны тээвэрлэлтийг эхлүүлж чаджээ. Ийнхүү далайд гарах шинэ гарц нээсэн нь Монгол улс нүүрсээ гуравдагч зах зээлд зарах боломж бий болсон юм. Энэхүү ачилтыг хийж эхэлснээс хойш хоёр сар орчмын хугацаанд Олон-Овоо, Айраг өртөөдөөс 8249 вагон буюу 535 мянган тонн нүүрс тээвэрлэжээ.

Мөн ази, европын хооронд ачаа тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон төмөр замуудын нэг болох Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр харах болсныг бодитойгоор ашиглахын төлөө чармайн ажиллаж тодорхой үр дүнд хүрчээ. Өнгөрсөн онд монголын нутгаар 168 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь өмнөх онуудтай харьцуулахад  огцом өссөн үзүүлэлт юм. 2017 онд энэ тоог тус хамт олон 400-д хүргэх зорилттой ажиллаж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын нутгаар 128 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх бололцоо байгааг харуулж байна. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө 10 гаран жил тасраад байсан түүхий нефтийн транзит тээврийг эхлүүлж чадсан байна.. Энэ тавдугаар сард ОХУ-аас БНХАУ руу 42000 тонн түүхий нефть ачсан 480 вагон бүхий 10 галт тэргийг Монгол улсын нутгаар дамжин өнгөрүүлэх юм. Цаашдаа сар бүр 50.000 тонн түүхий нефть ачсан галт тэрэг дамжин өнгөрөх тооцоотой байна.

Энэ нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх талаар тус нийгэмлэг ЗТХЯ-тай хамтран шат дараатай арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсний бодит үр дүн юм.  Өөрөөр хэлбэл зөв бодлого, оновчтой менежментийн үр дүн гэж дүгнэж болно. Энэ чиглэлээр хийгдсэн ажлууд дотроос Бээжин хотноо ЗТХЯ, “УБТЗ” ХНН-ийн хамтран зохион байгуулсан “Транзит Монгол-2017” форум ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон.

Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр зүтгүүр, ачааны вагоны эрэлт хэрэгцээ ч хүрэлцэхгүйд хүрч байгаа аж. Тулгамдсан энэ асуудлыг шийдэх талаар шат дараатай арга хэмжээг авч байгаа гэнэ. Гадаадаас зүтгүүр болон ачааны вагон авах асуудал яригдаж байгаагаас гадна дотоод нөөц боломжоо ашиглахыг чухалчилжээ. Энэ оны эхээр вагон депогийн өргөтгөлийн ажлыг эхлүүлснээс гадна дотооддоо ачааны вагон угсрах ажлыг хийж эхлээд байна.  Удахгүй УБТЗ-ын инженер техникийн ажилтнуудын угсарсан ачааны 10 вагон бэлэн болох юм.

УБТЗ-ын үндсэн гол зорилтууд болох төмөр замын тээх, нэвтрүүлэн өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар ч ахиц өөрчлөлтүүд гарчээ. Энэ ажлын хүрээнд УБТЗ-ын 1111 км гол замд хэрэгжиж байгаа дохиолол холбоо, холбооны  техникийн шинэчлэлийн төсөл өндөр ач холбогдолтой юм. Урд нь өртөө хооронд нэг галт тэрэг аялж байсан бол энэхүү төсөл хэрэгжсэнээр 2-4 галт тэрэг аялуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тээх нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэх болно.

УБТЗ-ын хамт олон энэ оны эхээр 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, нийт төмөр замчдынхаа төлөөллөөр хэлэлцүүлсэн явдал нь тус нийгэмлэгийн цаашдын хөгжлийг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ. Энэхүү хөгжлийн хөтөлбөрт тусгаснаар УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадал одоогийнхоос хэд дахин нэмэгдэхээр байгаа нь цаашдаа ч тус нийгэмлэг Монгол Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэхийг илтгэж байна.

Эх сурвалж: shuurhai.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан