Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд цахилгаанд Л.Төгөлдөр,мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Долгормаа, өрөг угсралтад Мягмарсүрэн, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, цахилгаанчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу цахилгаанчин Л.Төгөлдөрийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
-Намайг Л.Төгөлдөр гэдэг. Ам бүл долуулаа. Аав, ээж дөрвөн дүүгийн хамт амьдардаг. Цахилгаанчин мэргэжлийг би өөрийн хүслээр сонсгоогүй. Шарын голд аравдугаар ангиа төгссөн жил Налайхад, гэртээ зуны амралтаар ирсэн чинь ээж “Дүүгээ хараад энд сургуулиа төгс” гэсэн. Налайхын МСҮТ-д тэр жил хоёрхон хуваарь байсны нэг нь барилгын цахилгаанчин. Цахилгаанчин болно гэж бодож яваагүй.
-Суралцаж эхлээд мэргэжлийнхээ амтанд орсон уу?
-Үгүй. Эхний нэг жил тоогоогүй, хичээлдээ шамддаггүй байсан/инээв.сур/. Гэтэл нэгдүгээр ангид манай ангийн гурван сурагч цахилгааны тэмцээнд оролцоод түрүүлсэн нь надад нэгийг бодогдуулсан. Хор шар хөдөлсөн л дөө. Улсын уралдаанд орно гэсэн зорилго тавьж хичээлдээ шамдсаар орсон. “Монгол ур чадвар”-ын эхний шат нь цахилгаанчдын дунд “Нэмэх, хасах” нэртэйгээр зохиогдсон. Цахилгааны цагаан толгойг заасан багш нарыг маань Ж.Уранцэцэг, А.Гомбо гэдэг. А.Гомбо багшийн маань бэлдсэн сурагч нь 2015 онд “Монгол ур чадвар” тэмцээнд 18 дугаар байрт орж байсан юм билээ. Намайг “Нэмэх, хасах”-д явахаар тэнцтэл “16-д орж хоёр байраар урагшлуулаад ирээрэй” гэж захьж байсан. Тэр тэмцээндээ шилдэг зургаад багтсан. Ингээд сая түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Би төгсөлтийн баяр дээрээ багш нар болон ангийнхныхаа өмнө “Олон улсын тэмцээний эрхийг сургуульдаа авчирна” гэж амлаж байсан. Амлалтаа биелүүлэхийн төлөө шаргуу хичээллэсэн. Өглөө 09 цагт сургууль дээрээ ирээд, 21-22 цагт гэртээ харьдаг байсан.
-Олон улсын тэмцээний эрхээ авчихаад хамгийн түрүүнд хэн рүү залгаж баяраа хуваалцав?
-Мэдээж аав, ээж рүүгээ ярьсан. Аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. “Нэгдүгээр байрт орлоо” гэсэн чинь итгэхгүй байсан. Би Шарын голд төрсөн, эмээ, өвөөгийн хүүхэд байхгүй юу. Ийм, ийм амжилт гаргалаа гээд ярих бүрт эмээ маань маш их баярладаг. Эмээ маань миний фен гэж хэлж болно /инээв.сур/.
-Цахилгаанчин мэргэжлийн юу нь хамгийн сайхан бэ?
-Хүнээс хурд, хүч, сэтгэлгээ шаарддаг мэргэжил. Өөрөө сэтгэж, холболтоо хийгээд үрд дүнг нь үзэх хамгийн сайхан байдаг. Ангийн хүүхэдтэйгээ хамтарч нарны зай хураагуураар халдаг “Эко байшин” хийж,энэ бүтээлээрээ сургууль дээрээ зохиогдсон уралдаанд дэд байрт орж байсан.
-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Олон улсын тэмцээний даалгавар гэвэл юу байдаг талаар ярихгүй юу?
-Эксперт багштайгаа гарын хурд сайжруулах тал дээр түлхүү ажилладаг. Гурван талт жижиг байшингийн цахилгааны холболтыг хийх даалгавар өгдөг гэсэн. Миний бодлоор цахилгаанчин хүн олон талын авьяастай байх ёстой юм шиг санагддаг. Зурна, холбоно, хөрөөднө, тааруулна, гагнана, загвар хүртэл гаргана. Бүх мэргэжлийг өөртөө агуулсан юм шиг надад санагддаг. Чанд стандарттай, ур чадвар шаардсан, алдаа гаргах эрхгүй, хайхрамжгүй хандаж болдоггүй мэргэжил.
Энэ олон хүний итгэлийг хүлээж байгаа болохоор Монгол улсынхаа нэрийг гаргаж, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, зүтгэнэ гэж боддог. Бусдад амлаагүй ч өөртөө өгсөн амлалт бий.
-МСҮТ-д сурдаг гэдгээсээ ичих үед чамд тохиолдож байв уу. Нэг ийм буруу хандлага байх шиг байна?
-“Ийм сургуульд сураад байхдаа яадаг юм бэ” гэх яриаг нэгдүгээр ангид байхдаа сонсож байсан. Зарим сурагчид оюутны 70 мянгыг авах гэж сургуульд сурдаг юм шиг санагддаг байсныг нуух юун. Миний бодлоор, МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү. Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцах нь олон талын ашигтай. Мэргэжил эзэмшинэ, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсдөг. ЕБС болон МСҮТ төгсөөд их, дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийг харьцуулбал газар, тэнгэр шиг өөр байдаг. МСҮТ-д сурсан хүүхэд мэргэжилтэй болчихсон, хэрсүү суучихсан байдаг. Үеийнхэндээ хандаж хэлэхэд, мэргэжилдээ дуртай болсон үедээ сургуульдаа дуртай болно. Зорилготой байгаарай. Зорилго чинь зааж байгаа хүмүүст биш өөрт чинь үлдэнэ. Мөрөөдөлтэй байгаад зүтгэхэд бүтдэг юм шүү гэж хэлмээр байна.
Миний мөрөөдөл бол сайхан гэр бүлтэй болоод аав, ээжтэйгээ сайхан амьдарна гэж боддог. Зорилго маань Монгол Улсын зөвлөх инженер болох. Хүүхдийн эрхийг хамгаалдаг хандивын байгууллагатай болохсон гэж бас мөрөөддөг. Ямар ч байсан зорилгодоо хүрнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа. Зөвлөх инженер болохыг хүсэн ерөөе.