Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Батболд: Барилгын компаниуд орон сууцаа борлуулах уян хатан бодлого баримтлах нь зүйтэй


-Монголбанк, улсын төсвөөс энэ онд ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг зарцуулна-


Т.ЖАНЦАН

Монголбанк “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ хэлэлцүүлгээс ажвал ипотекийн зээлийн санхүүжилтэд нэлээд хүндрэл учирчээ. Тухайлбал, Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс сард 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт уг зээлд өгч буй. Гэвч энэ мөнгө хүрэхгүй дахин санхүүжилт хэрэгтэй байгаа аж. ОУВС-гаас Монголбанкыг төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх шаардлага тавьсан юм. Иймд ирэх оноос уг зээлд төв банк оролцохгүй болно. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Ипотекийн зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй байна. Иймд зээл хүссэн 3000 иргэд дугаараа хүлээж байгаа” хэмээн хэлсэн билээ. Ингээд уг хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Батболдоос ипотекийн зээлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар тодрууллаа.


-Орон сууцны эрэлт байгаа ч борлуулалт буурлаа. Энэ нь ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-ОУВС-гаас Монголбанкыг төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг зогсоо гэсэн үүрэг өгсөн. Ийм учраас Засгийн газар ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх болсон. Монголбанк он дуустал 20-25 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс гадна улсын төсвөөс ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж мөнгө гаргах шаардлага бий. Барилгын салбарын борлуулалт 2014 оноос эхлэн буурах хандлага гарсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбоотой. Тэгэхээр барилгын компаниуд орон сууцаа борлуулах уян хатан бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.  Улаанбаатарт 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаа. БХБЯ-аас судалгаа хийхэд эдгээр өрхийн 63 мянга нь орон сууц худалдан авах чадвартай гэж үзсэн.

-Тэгэхээр ирэх оны улсын төсөвт ипотекийн зээлд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Энэ оны төсвийн тодотголоор Сангийн сайдын багцад 110 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулахаар тусгасан. Энэ мөнгө нь эрэлтэд хангалттай хүрэлцэхгүй. Цаашид нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Монголбанк, улсын төсвөөс энэ онд ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг зарцуулах юм.

-Зах зээлд шинээр баригдаж байгаа болон ашиглалтад орсон хэчнээн орон сууц байна вэ?
-Одоогийн байдлаар орон сууцны 461 төсөл хэрэгжиж байна. Энэ нь ойролцоогоор 42 мянган айлын орон сууц гэсэн үг. Үүний 80 орчим хувь нь захиалга аваад эхэлсэн. Ашиглалтад орсон орон сууцнаас 6000 мянга нь борлогдоогүй.

-Орон сууцны нэг ам метр талбайн үнэ хэд байна. Өнөөгийн үнэ иргэдийн худалдан авах чадварт хэр нийцэж байгаа вэ?
-Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал өнгөрсөн онд орон сууны нэг ам метр талбайн үнэ хоёр сая таван мянган төгрөг байна. Үүнийг иргэдийн өнөөгийн орлогтой харьцуулбал арай өндөр үнэ. Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтөд нэлээд анхаарна. Ялангуяа, ипотекийн зээлийг дахин төлөвлөтөөр барьсан орон сууцанд түлхүү хамруулах бодлого баримтлах юм.  Эдгээр орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1.3-1.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Энэ үнэ иргэдийн худалдан авах чадварт боломжийн гэж үзэж байна.

-Тэгвэл дахин төлөвлөлтөөр энэ онд хэдэн орон сууц ашиглалт орох бол. Ирэх жил хэрэгжих ямар ямар төсөл байна вэ?
-Дахин төлөвлөлтийн барилгажилт 2014 оноос ид эхэлсэн. Одоогоор 10 гаруй мянган айлын орон сууцны  барилгын ажил эхэлсэн. Үүнээс 5000 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Үүнээс гэр хорооллын иргэд газраа орон сууцаар тохиролцоо хийнэ. Үлдсэн орон сууцыг нь ипотекын зээлээр борлуулах юм.

-Дахин төлөвлөлтөд ороод газраа алдсан иргэд нэлээд гомдол, маргаан дэгдээж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Өнгөрсөн онл болсон АСЕМ-ын уулзалтаар БНХАУ-ын дарга ирэхдээ манай улсад 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Ингээд 1000 айлын түр суурьшуулах орон сууц барихаар шийдвэрлэсэн. Хятадын талын инженерүүдтэй судалгаа хийгээд одоо орон сууцаа барихад бэлэн болоод байгаа. Энэ ашиглалтад орвол газраа чөлөөлж түрээсийн байр хайж буй өрхүүдийг дахин төлөвлөлтийн орон сууцыг нь ашиглалтад ортол байлгана.

-Газраа чөлөөлсөн зарим иргэд түрээсийн байрныхаа мөнгийг нэхэж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Иргэн, аж ахуйн нэгжийн тохирсон гурван талт гэрээ гэж бий. Энэ гэрээнд заасан үүргийн дагуу тухайн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж уг асуудлыг шийдвэрлэх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан